Америкийн поп дуучныг буудан хөнөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын өмнөд нутгийн Флорида муж улсад тоглолтын дараа гарын үсгээ зурж өгч байхад нь нэгэн поп дуучныг буугаар зэвсэглэсэн этгээд хөнөөжээ.
Орландо хотод өнгөрсөн баасан гарагийн орой 22 настай Кристина Гриммиг нэгэн залуу бууджээ. Дуучны ахтай зодолдож байхдаа сэжигтэн өөрийгөө буудан шархаа даалгүй амьсгал хураасан байна.
Дуучин бүсгүйг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч өчигдөр үүрээр нас баржээ.
Гримми өсвөр наснаасаа л поп дуучдын дууг дуулж эхлэн, “YouTube”-д тавьдаг болсон юм. Тэрбээр 2014 онд “NBC” телевизийн дууны тэмцээнд орон гуравдугаар байр эзэлснээсээ хойш алдаршиж эхэлсэн билээ.
Цагдаа нар хэлэхдээ “Дуучин бүсгүйг яагаад хөнөөснийг тогтоохын тулд бид сэжигтний гар утасны дугаар болон компьютерыг шалгана” гэв. Тэдний таамаглаж байгаагаар, сэжигтэн нь дуучны сэтгэцийн өвчтэй шүтэн бишрэгч байсан байж магадгүй.
Г.Доржханд