Сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-12 03:39:29

2016 оны УИХ-ын болоод Орон нутгийн сонгуульд оролцож буй нам, эвслүүд нээлтийн үйл ажиллагаагаа өчигдөр эхлүүллээ.

Өвөрхангай аймагт сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа 20 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж буй Т.Хасбаатарын нээлтийн арга хэмжээгээр эхэлсэн юм. Тэрээр Аюушбаатрын талбайд нээлтээ хийж хэлсэн үгэндээ “Монгол төрийн голомт ариун, босго өндөр. Өвөрхангай бол эрт эдүгээгээс Монгол төрийн голомт нь байж, Монгол төрийн олон түшээд, суут билэгтийг өлгийдөн төрүүлсэн нутаг юм. Нутгийн зон олон минь нутгийн хүүгээ элэгсэг халуунаар угтан авч байгаад баярлалаа.Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулна” гэв.

Бие даан нэр дэвшигч, Өндөр Гэгээн Занабазар сангийн ерөнхийлөгч Т.Хасбаатарын дараа Ардчилсан намын сонгуулийн нээлт Хөгжимт драмын театрт болж, гишүүд дэмжигчид нь баяр хүргэн оролцлоо. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам “Өвөрхангай-2020” хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан иргэдэд танилцуулж байгаа ба аймгийн ИТХ-ын 41 суудалд болон УИХ-ын 3 суудалд нэр дэвшигчдээ илгээж байна. Тус намаас Дэлгэрэх хүнс ХК-ийн ерөнхий захирал Д.Жаргал УИХ-ын 20-р тойрогт нэр дэвшиж байгаа нь Өвөрхангай аймгаас анх удаа эмэгтэй хүн нэр дэвшсэн явдал болж байгаа юм.

Мөн энэ өдөр МАХН-аас сонгуулийн нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Тус намаас УИХ-ын 20-р тойрогт Засагт хан дээд сургуулийн ТЗУ-ын тэнхимийн эрхлэгч Ё.Бямбатогтох нэр дэвшиж байгаа бөгөөд өөрчлөлтийг хийхийн төлөө нэр дэвшиж байгаа гэж байв.

Монгол ардын нам энэ өдөр сонгуулийн нээлтийн арга хэмжээгээ тодорхой шалтгааны улмаас хойшуулж 6 сарын 12-ны өдрийн 11 цагаас хийхээр болсон байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ