Архидалттай тэмцэх мэргэжлийн багийг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-11 17:45:40

Өвөрхангай аймагт “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр архидалт багасч, согтуугаар үйлдэх гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй байна.

Он гарсаар согтуугаар үйлдсэн хэрэг 29 бүртгэгдсэн нь оны мөн үеэс 42 хувиар буурсан хэмээн үзэж байгаа юм. "Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөр нь 2016 онд дуусах бөгөөд хөтөлбөрийн хүрээнд эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр архины хамааралтай болон архинд донтох өвчтэй иргэдтэй тулж ажиллах үүрэг бүхий мэргэжлийн багийг байгуулах журмыг аймгийн Цагдаагийн газраас гаргаад байна.

Мэргэжлийн баг нь Эрүүл мэндийн газар, Наркологи сэтгэцийн төв, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс зэрэг байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүдээс бүрдэнэ. Мөн салбар багийг сум бүрт байгуулж, ЗДТГ-ын Төрийн захиргааны түшмэл, сумын хэсгийн төлөөлөгч, Эрүүл мэндийн төвийн эмчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллах юм.

Мэргэжлийн багийг байгуулснаар ахуйн хүрээнд буюу “хаалганы цаана” үйлдэгддэг архидан согтуурал буурч, хэрэг зөрчлийг багасгах, архинд донтсон иргэдийг эмчлэн эрүүлжүүлэх чиглэлээр үр дүнд хүрэх гэнэ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ