Афганистан дахь америк цэргүүдийн гүйцэтгэх үүргийг нэмнэ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-06-11 12:37:15

ВАШИНГТОН. /Xinhua/. “Талибан” бүлэглэлийн босогчидтой тэмцэхийн тулд Афганистанд байгаа АНУ-ын армийнхны гүйцэтгэх үүргийг нэмэхээр Ерөнхийлөгч Барак Обама төлөвлөжээ.

Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Жош Эрнест мэдэгдэхдээ “Афганистанд аюулгүй байдал муудаж байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ийм шийдвэр гаргасан” гэв.

Түүний хэлснээр, АНУ-ын хүчнийхэн Афганистаны цэргүүдэд зөвлөгөө өгч, сургуулилт хийлгэхээс гадна босогчдод агаараас цохилт өгөх ажиллагаагаа эрчимжүүлэх ажээ.

Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх хугацаандаа Афганистаны дайныг зогсооно гэсэн амлалтынхаа дагуу Барак Обама 2014 онд Афганистанаас хуурай замын цэргүүдээ татсан юм.

Зарим цэргээ Афганистаны цэргүүдийг бэлтгэж сургах зорилгоор АНУ үлдээсэн билээ.

Обама Афганистанд байгаа АНУ-ын хүчнийхний тоог энэ оны эцэс гэхэд 9800-гаас 5500 болгон багасгахаар төлөвлөж байна.

Гэхдээ “Талибан” бүлэглэлийнхэн халдлага үйлдэх нь эрчимжиж байгаатай холбоотойгоор Америкийн хүчнийхний тоо болон гүйцэтгэх үүргийг нэмж өргөтгөхийг уриалах нь нэмэгдэж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ