Хулгайн гэмт хэрэгт хүүхэд холбогдох нь нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-08 09:39:59

Сүүлийн саруудад хулгайн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна. 2016 оны эхний 5 сарын байдлаар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт нийт 1376 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 500 гаруй нь гэмт хэргийн шинжтэй байгаа юм.

Үүний 20 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд иргэдийн эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 76, малын хулгай 19, мотоциклийн хулгай 8 удаа бүртгэгджээ. Судалгаанаас харахад малын болон мотоциклийн хулгайн бүртгэл өмнөх оны мөн үеэс бага зэрэг буурсан байгаа бол иргэдийн өмчийн хулгай 10 хувиар өссөн байна.

Энэ нь эдийн засгийн хямрал, иргэдийн сонор сэрэмжгүй байдалтай холбоотой бөгөөд эрхэлсэн ажилгүй, өрхийн орлогогүй этгээдүүд уг хэрийг үйлдэж байгаа гэдгийг ЦГ-ын Олон нийттэй харилцах албаны байцаагч, ахлах дэслэгч н.Туяацэцэг хэллээ.  

Хулгайн хэрэг үйлдэгчдийн дотор хүүхэд оролцох байдал өсч байгаа ба энэ оны эхний 5 сарын байдлаар 17 хэрэгт 41 хүүхэд оролцжээ. Хэрэг үйлдсэн хүүхдүүдийн 85 хувь нь 16-17 насныхан бөгөөд ЕБС-ийн сурагчид, МСҮТ-ийн  оюутнууд байгаа нь эцэг, эхийн хараа хяналт сул байгааг харуулж байгаа явдал юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ