Улсын хил, гааль эрдэс баялгийн бөх бат цоож

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-01-29 14:35:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алт нь байгаль дээр цэврээр оршдог. Хувийн жин ихтэй (хүнд), зөөлөн, гялалзсан шар өнгөтэй металл гэж тодорхойлсон байх юм. Байгальд 6, 8, 12 ханатай талст хэлбэрээр байх явдал бий. Гэхдээ энэ бол маш ховор тохиолдол. Харин байгальд нунтаг тоос, үйрмэг, нимгэн хуудас, нарийн үслэг төрхтэйгээр газрын давхаргад судал, бусад  металл болон чулуулагтай холимог хадан тогтцын хэлбэртэйгээр1,1•10³ppm нягтралттай байх нь түгээмэл хэлбэр гэж үздэг.  Мөн калаварит сивьванит, нагиагит зэрэг теллурт нэгдэлд 6-39 хувийн агуулгатай байна. Цэвэр алт нь ихэнх тохиолдолд 30-50 хувийн мөнгөний хольцтой байдаг. Алтны  найрлагад зэс, төмөр зэрэг зарим эрдэс бага хэмжээтэй байдаг гэж тодорхойлжээ.


Алтны үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад алтны үндсэн нөөц нь ихэвчлэн үндсэн ордод 80 хувь, шороон ордод 2 хувь, үлдсэн нь дагалдах хэлбэрээр олборлосон алтанд оногддог юм байна. Монголчууд байгальд байгаа алтыг газрын гагнаас гэж ярьдаг. Энэ ойлголтыг балар эртний гэж гадуурхах хэрэггүй. Харин байгалийн баялгийг  зүй зохистой ашиглах, амьдрал ахуйдаа зөв ашиглах нэг хэрэгсэл гэж ойлгож болно.


Манай улсын хувьд алт олборлолт нь өөрийн гэсэн онцлог давуу талтай. Одоогоор ашиглаж буй ордууд нь хөрөнгө оруулалт бага харьцангуй хялбар технологи шаарддаг.  Олборлолтын өөрийн өртөг нь харьцангуй бага гардаг онцлогтой гэж энэ салбарын зарим мэргэжилтэн тайлбарлажээ. Алтны нөөц өсгөхөд санхүүжилт юу юунаас чухал гэж үздэг. "Алт-2" хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуй нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилтийг Монголбанк өнгөрсөн хугацаанд хийжээ.


Төвбанк 23.6тн алт (мөнгө) 2020 онд худалдан авсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт,  дээд амжилт болсон аж. Алт өөрөө гадаад валютын нөөцийг өсгөдөг өөрийн онцлогтой гэж зах зээлийн шинжээчид тайлбарладаг. Энэ үзүүлэлтээр авч үзвэл валютын нөөцийг 900 орчим сая ам.доллароор өсөх нөхцөл бүрдүүлжээ. Тус банкнаас сүүлийн жилүүдэд нийт ард иргэдэд “эх орны баялаг эрдэнэсийн санд” гэсэн уриалга гаргаж алт худалдан авалтыг хялбаршуулан Ашигт малтмалын нөөц ашигласны татвар (АМНАТ)-ыг 2.5 хувь болгон (2019 он хүртэл)   буруулсан. Харин эргээд уг татварыг 5 хувь болгоход, алт худалдан авалт 15.2 тн болон буурсан юм. Энэ үзүүлэлтийг 2018 оны алт худалдан авалт (22 тн)- той  харьцуулахад оролцоогоор 7 тн-оор буурсан дүн гарч байжээ. Харин энэ жил алт худалдан авалт  8.3 тн-оор өсжээ.  Ингэж төвбанкны алтны худалдан авалт  өсөхөд дэлхийн зах зээл дээр үнэ оны эхнээс 21 хувиар өссөн гээд хэд хэдэн шалтгаан эх сурвалж дурджээ. Тухайлбал, улсын хилээр хууль бусаар алт гаргах явдал буурсан тухай тэмдэглэсэн байх юм.  Үнэхээр улсын хил  (гааль)-ээр хууль бус алт гардаг явдал байсан бололтой. 


Алт олборлолт  улсын хэмжээнд 2018 онд 20.7 тн байжээ. Гэтэл   2019 онд 16.3 тн хүртэл буурсан байна. Олборлолт 4.4 тн-оор буурахад 2019 онд алт худалдан авалт 7 тн-оор буурсан байх жишээтэй. Худалдан авалт, олборлолт хоёрын хоорондын зөрүү 3 тн орчим алт тухайн жилд улсын хил  (гааль)-ээр хууль бусаар гарсан байх магадлал тун өндөр байна.


Харин цар тахал (Ковид-19) 2020 онд гарч хөл хорио тогтоож, хатуу хяналт хязгаарлалт  доор хил  (гааль)-ээр гарах хүн, тээврийн хэрэгсэл цөөрсөн. Тэр тусмаа  хууль бусаар алт гаргах явдал таслагдаж, Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ  өссөн бололтой.


Ер нь сүүлийн 5 жилийн худалдан авсан үнэт металл (алт,мөнгө100 тн-д хүрч, гадаад валютын улсын нөөцийг 3,7 тэрбум ам.доллараар өсгөсөн гэж Монголбанк мэдээлсэн байна. Ингэж алт худалдан авалт өссөн нь улсын экспортын орлого нэмэх, төлбөрийн тэнцлийн алдагдал бага байхад  томоохон хувь нэмрээ оруулжээ. Дэлхий нийтэд цар тахал (Ковид-19тархсанаар хараа хяналт чангарч, алтны тэр дотор “эрх оны баялаг, эрдэнэсийн санд” хуримтлагдаж эхлэв бололтой. Цар тахал (Ковид-19дэлхийн  улс орон, ард иргэдэд олон сөрөг үр дагавар дагуулж байна. Гэхдээ хил  (гааль)-д хатуу хяналт тогтоож чадвал алтны хууль бус наймааг таслан зогсоох боломж байгааг хэлж өглөө. Тэгээд ч гаалийг эх орны эдийн засгийн цоож гэж үздэг. Энэ ойлголтыг Ковид-19 жинхэнэ утгаар нь гаргаж өглөө. Цаашдаа улсын хил, гааль эрдэс баялгийн бөх бат цоож байх болтугай.

Холбоотой мэдээ