Ихэр хүүхдүүдэд сумын дарга гарын бэлэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-03 11:31:47

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга М.Үүрийнтуяа 2015-2016 оны хичээлийн жилд сурлага, хүмүүжлээрээ үеийнхнээ манлайлсан 8 сурагч, Сүхбаатар сумынхаа ихэр багачууд, 6 дугаар сарын 1-нд төрсөн хүүхдүүдэд гарын бэлгээ гардууллаа.

Бяцхан үрсийн минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр билээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумынхан 64 дэх удаагаа энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ удаагийн Сүхбаатар сумын Хүүхдийн баярт УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, аймгийн Засаг даргын орлогч дарга Н.Батдорж, Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Б.Баттөр, Засаг дарга М.Үүрийнтуяа, ЗДТГ-ын дарга Д.Энхзаяа нар оролцож баярт хүрэлцэн ирсэн нийт хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүллээ.

Энэхүү баярын үеэр сумын ихэр багачууд болон 6 дугаар сарын 1-нд төрсөн хүүхдүүдийн, мөн цэцэрлэгийн багачуудын баярын жагсаал болж, Улсын тэргүүний 3, 4-р цэцэрлэг, ЕББД 1, 2, 4, 5-р сургууль, Хүүхдийн ордны Морин хуурын хамтлаг, “Бөртэ чоно-Гоо марал” бүжгийн хамтлагийн авьяаслаг сурагчдын тоглолт боллоо.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ