Төмөр замын ачаа тээвэр өмнөх оны мөн үеийнхээс өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-14 13:02:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замаар энэ оны эхний 11 сард 27.5 сая тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (7.3 хувь) сая тонноор өсжээ.


Үүнд экспортын ачаа 1.3 (13.7 хувь) сая тн, дамжин өнгөрөх ачаа 391.4 (11.0 хувь) мянган тонноор өссөн нь нөлөөлөв.

Төмөр замын тээврээр тээсэн ачаа өнгөрсөн 11 дүгээр сард 2.6 сая тн болж, өмнөх сараас 140.2 (5.1 хувь) мянган тонноор буурлаа.


Төмөр замаар энэ оны эхний 11 сард тээсэн нийт ачаанд уул уурхайн бүтээгдэхүүн 82.8, барилгын материал 10.4, хар төмөр 1.6, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 0.9, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 0.9, мод модон материал 0.5, бусад бүтээгдэхүүн 2.9 хувийг эзэлжээ.


Төмөр замын тээврээр зорчигчид оны эхний 11 сард 2.0 (давхардсан тоо) сая болж, өмнөх оны мөн үеийнхээс 757.6 (27.8 хувь) мянган хүнээр буурав. Үүнд орон нутгийн зорчигч 659.5 (25.2 хувь) мянган хүнээр буурсан нь нөлөөллөө.


Төмөр замаар зорчигчид өнгөрсөн 11 дүгээр сард 76.1 (давхардсан тоо) мянга болж, өмнөх сараас 177.9 (70.0 хувь) мянган хүнээр буурав.


Төмөр замын тээврийн орлого энэ оны эхний 11 сард 710.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 64.2 (9.9 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд уул уурхайн бүтээгдэхүүн тухайлбал, төмрийн хүдэр, хар төмөр, барилгын материалын тээвэрлэлт нэмэгдсэн нь нөлөөллөө.


Төмөр замын тээврийн орлого өнгөрсөн 11 дүгээр сард өмнөх сараас 4.7 (6.7 хувь) тэрбум төгрөгөөр буурч, 64.9 тэрбум төгрөг болсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

 

Холбоотой мэдээ