Авто замын зурваст өмчлөлийн газар нь орсон иргэнд нөхөн олговор олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-31 09:10:57

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/421 дүгээр захирамж гаргалаа.

Захирамжаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Гудамж” төслийн хөрөнгөөр хийж байгаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Эрчим хүчний гудамжийг Ажилчны гудамжтай холбох 0.7 км авто замын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг батлав.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор болох 434 сая 300 мянган төгрөгийг нийслэлийн 2016 оны  төсөвт батлагдсан нөхөх олговрын  хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

Иргэний өмчилсөн газрын нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ