Иргэний нийгмийн байгууллагуудад 4000 ам.долларын тэтгэлэг олгожээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-12-04 12:55:48

Дорнод /МОНЦАМЭ/. Жендэрийн үндэсний хорооноос Дорнод аймгийн иргэний нийгмийн байгууллагуудад 4000 ам.долларын тэтгэлэг олгожээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”, “ЛЭОС”, “Ажил олгогч эздийн холбоо”, “Зорилготой амьдрал”, “Талын сувдан гүүр”, “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал-2020” клуб, “Нүүдлийн номын сан сургалтын төв”, “Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл” зэрэг найман байгууллага энэхүү тэтгэлгийн шалгаруулалтад хамтран оролцсон байна.

Тодруулбал, тэд Дорнод аймагт хэрэгжиж буй жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ хийж, үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулах, олон нийтийн жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх талаар тодорхой санаачилгуудыг дэвшүүлэн тавьжээ.

Ийнхүү 12 хүний бүрэлдэхүүнтэй баг үйл ажиллагаагаа цахимаар эхлүүлээд байгаа аж. Энэхүү багаас ирэх оны хоёрдугаар сар хүртэл “Хүндлэлд хүйс хамааралгүй” аяныг орон нутгийн хэмжээнд өрнүүлж, жендэрийн бодлого хэрэгжилтийг эрчимжүүлж, жендэрийн тэгш эрхийг хангахад чиглэсэн нөлөөллийн ажлыг эхлүүлээд байна.

 

Холбоотой мэдээ