Шатахуун импортлох үеийн халдвар хамгааллыг сахиулж байна

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-28 16:11:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Лхагвасүрэнгээр ахлуулсан ажлын баг Баян-Өлгий аймгийн Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж байна.


Ажлын багийн бүрэлдэхүүн ОХУ-аас шатахуун тээвэрлэж ирсэн тээврийн хэрэгсэл тус авто замын шалган нэвтрүүлэх боомтоор зорчиж байгаатай холбогдуулан коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцтай танилцсан юм.


Мөн Цагааннуур авто замын боомт ажиллах үеийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагууд болон ОХУ-аас шатахуун импортолж худалдан борлуулдаг аж, ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ