БНХАУ-аас дөрвөн сая юанийн эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлана

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-23 15:19:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Хубэй муж болон ӨМӨЗО-оос цар тахалтай тэмцэх ажилд зориулж дөрвөн сая юанийн үнэ бүхий эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэрэгсэл хандивлахаар болсныг Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааны үеэр Хятадын тал мэдэгдлээ. 


Тус хуралдаан өнөөдөр цахимаар болсон бөгөөд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань нар хамтран даргалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. 


Хуралдааны үеэр, Хятадын талаас Хубэй мужийн Ухань хотод коронавирусний цар тахал дэгдэх үед Монголын ард түмнээс 30 мянган хонь бэлэглэсэн зэргээр сэтгэл санаа, эд материалаар дэмжсэнд талархал илэрхийлж байв.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр коронавирустэй тэмцэж буй Хятадын ард түмэнд тусламж болгож 30 мянган толгой хонь хандивлахаа илэрхийлсэн юм. БНХАУ-ын Синьхуа агентлагийн мэдээлснээр, 30 мянган хонины махыг Хубэй мужид “COVID-19”-тэй тэмцэхэд гар бие оролцсон эмнэлгийн ажилтнуудад тараан өгнө гэж тус мужийн Худалдааны товчоо өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ.

Холбоотой мэдээ