Ус зүйн олон улсын байгууллага Япон тэнгисийн нэрийг өөрчлөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-17 13:44:43

ТОКИО. /Yomiuri/. Ус зүйн олон улсын байгууллага /IHO/ Япон тэнгисийн нэрийг солих эсвэл “Зүүн тэнгис” болгон өөрчлөх бодолгүй байна. Нэрийг нь “Зүүн тэнгис” болгон өөрчлөхийг БНСУ болон БНАСАУ олон жилийн турш шаардсан юм.


Ийм байр суурьтай байгаагаа Монакод төвтэй Ус зүйн олон улсын байгууллага даваа гарагт цахим уулзалт хийх үеэрээ мэдэгдсэн байна. Түүнчлэн тус байгууллага далай, тэнгисийн нэрнүүдийг дугаараар тэмдэглэсэн цахим газрын зураг гаргахаар төлөвлөж байна.


Үүнтэй холбогдуулан Японы Гадаад хэргийн сайд Тошимицу Мотэги мэдэгдэхдээ “Цаасан газрын зураг дээр “Япон тэнгис” хэмээх нэршлийг хэвээр нь үлдээх бол цахим хувилбар дээр нь Япон тэнгис төдийгүй бусад тэнгисийг нэрлэхдээ дугаар ашиглах аж. Бидний байр суурийг анхааралдаа авчээ” гэжээ.


Япон тэнгисийн нэрийг “Зүүн тэнгис” болгон өөрчлөхийг хоёр Солонгос 1990-ээд оноос шаардаж эхэлжээ. Хоёр Солонгосын үзэж байгаагаар, Японы эрх баригчид ХХ зууны эхэн үе дэх түрэмгий колонийн бодлогынхоо хүрээнд энэхүү нэршлийг олон улсын нийгэмлэгт тулган хүлээлгэсэн аж.  Сүүлийн үед БНСУ-ын эрх баригчид газрын зурагт Япон болон Зүүн тэнгис гэх хоёр нэрийг хоёуланг нь ашиглахыг зөвшөөрөх хандлагатай болжээ.

Холбоотой мэдээ