Оюунлаг гэр бүлийн шагналыг зохиолч, яруу найрагч Т.Доржсүрэнгийн гэр бүл хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-05-25 14:09:31

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс жил бүр “Аймгийн шилдэг гэр бүл”-үүдийг тодруулдаг шагнадаг уламжлалтай юм.

Энэхүү уламжлалт ажлын гол зорилго нь Сум орон нутгийнхаа хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, олон нийтэд сурталчлан алдаршуулах, залуу гэр бүлүүдэд үлгэр дуурайл үзүүлэх, тэдний туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэхэд оршдог билээ. Энэ удаа Сэлэнгэ аймгийн 17 сумаас 6 шилдэг гэр бүлийг сонгон шалгарууллаа. Үүнд “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн” номинацид Баруунбүрэн сумын иргэн н.Батмөнхийн гэр бүл, “Авьяаслаг” гэр бүлээр Баянгол сумын иргэн н.Хүрэлчулууны гэр бүл, “Үлгэр жишээ” гэр бүлээр Сүхбаатар сумын иргэн Гэндэнсүрэнгийн гэр бүл, “Азай буурал” гэр бүлээр Сант сумын иргэн н.Бадамжавын гэр бүл, “Оюунлаг” гэр бүлээр Сүхбаатар сумын иргэн Т.Доржсүрэнгийн гэр бүл тус тус шалгарчээ. Сүхбаатар сумын иргэн, зохиолч, яруу найрагч Доржсүрэнгийн гэр бүлд Сэлэнгэ аймгийн 2016 оны “Оюунлаг гэр бүл”-ээр  тодорсон шагналыг өргөө цагаан гэрт нь очиж гардуулан өглөө.

Шагналын эзэн Т.Доржсүрэн нь 1972 оноос уран бүтээлээ эхэлжээ. Тэрээр "Үүлэн борлог" тууж өгүүллэгийн, ""Хүлгийн үүрсэх дуу" богино өгүүллэгийн, "Миний хайрын ертөнц", "Шүлгэн судар", "Амь чулуу" шүлгийн номууд. "Хоймор нутгийн хийморь" 1, 2-р боть, "Адууны тэнгэртэй эр буюу амьд тууж", "Манайхан", "Дөчин жилийн өндөрлөгт", "Сэлэнгийн алдарт тараиланчид" 1-р боть, "Тариа шиг үржих мөнгөний бурхад", "Нуурынхан", "Цагааннуур-90 жил", "Хөгжлийг хөтлөгч гүүр", "Зам дагасан алдар", "Баруунбүрэн түүхийн хуудсанд" зэрэг түүх, судалгаа, сэтгүүл зүйн 36 ном хэвлүүлсэн байна. Мөн "Хүн судар", "Гудамжныхан" романууд бичжээ. Түүний "Гүнжийн нуур", "Хүлээлээ", "Ижий, аавын нутаг" гээд олонд сайхан шүлгүүд нь өнөөдөр зохиолын дууны урын санг баяжуулсан юм. Түүнчлэн Доржсүрэн гуай шүлэг, яруу найраг, зохиол бичихээс гадна Хулдаасан барын зураг урлалаар олон жил уран бүтээл туурвиж, 60 гаруй номын хавтас, зураг чимэглэл хийсэн байна. Мөн Сэлэнгэ аймгийн баяр наадмыг 15 жил хөтөлсөн, Сэлэнгийн яруу найргийн наадамд 9 удаа түрүүлсэн уран бүтээлч хүн юм.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ