НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтаар дүрвэгсдийн асуудлыг хэлэлцлээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-05-24 09:51:39

АНКАРА. /NHK/. Туркт болж байгаа Дэлхийн хүмүүнлэгийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа төлөөлөгчид Сирийн дүрвэгсдэд туслахын тулд хамтын ажиллагаагаа илүү ихээр уялдуулах шаардлагатай гэдэг тал дээр санал нэгтэй байлаа.

Уулзалтын эхний өдөр оролцогчид дүрвэгсдэд тусламж үзүүлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.

Турк болон Иорданы төлөөлөгчид хэлэхдээ "Сирийн дүрвэгсэд манай хоёр оронд ихээхэн хүндрэл учруулж байна" гэж мэдэгдээд, олон улсын тусламж хүссэн байна. Харин Япон тэргүүтэй бусад орнууд санхүүгийн тусламж үзүүлэхээ амлажээ.

Уулзалтад оролцогчид НҮБ-ын хүмүүнлэгийн санг нэмэгдүүлэх, мөн дүрвэгсдэд олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг бууруулах талаар хэлэлцсэн байна.

Харин хүмүүнлэгийн хямрал үүсгэдэг мөргөлдөөн гарахаас хэрхэн сэргийлэх тухай асуудлаар талууд санал зөрөлджээ. Зарим орнууд ОХУ-ыг Сири болон Украинд олон улсын хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэж буруушаасан бол ОХУ эдгээр орнуудын дотоод асуудалд бусад орнууд хөндлөнгөөс оролцсон нь мөргөлдөөн дэгдэх эхлэлийг тавьсан гэж няцаажээ.

Өнөөдөр төлөөлөгчид дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшигт өртөөд байгаа орнуудад тусламж үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ