"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг шинэчлэн сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-19 14:33:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.    

Хурлын эхэнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ногдол ашиг хуваарилалтын тайлан, явцыг танилцуулахдаа компанийн ТУЗ нь бүрэн эрхийн хоёр жилийн хугацаанд 47 удаагийн хурлаар 119 тогтоол гаргасныг дурдав. Үүний дараа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн  ТУЗ-ийн төрийн төлөөллийн гишүүнээр УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, ЗГХЭГ-ын Дэд дарга Б. Энх-Амгалан, Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, МХЕГ-ын дарга Т.Гантулга, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Хараат бус гишүүдээр Д.Батхишиг, Ү.Амарбат, П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ нарыг сонголоо. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 2020 онд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөл, Улаанбаатар хотын утааг бууруулах “Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг үе шаттай гаргасныг хурлын үеэр онцлов.

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор хурлыг хувьцаа эзэмшигч иргэдэд нээлттэй, цахим хэлбэрээр компанийн www.ett.mn вэб сайт болон www.facebook.com -ийн “1072 Хувьцаа Мэдэээллийн төв” хуудсаар шууд дамжууллаа.  Хуралд компанийн төрийн эзэмшлийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл болон хараат бус гишүүд, компанийн удирдлагууд оролцов.

Холбоотой мэдээ