Эерэг шийдвэр гартал “14:14” хөдөлгөөн өрнүүлж, шаардлагатай бол ажил хаяна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-13 13:40:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцүүлгийн түвшинд байгаа ч өмнөхөөсөө дордох магадлалтай тул МҮЭХ 7 зүйл, заалтыг өөрчлөх саналтай байгаагаа өнөөдөр танилцуулав.

Жасаагаар ажиллах ажилтны нэг сард ажил үүрэг гүйцэтгэх хоног, амрах хоног адил тэнцүү 14:14 байх хэрэгтэй. Учир нь жасаагаар ажиллах нь гэр бүр болон тухайн ажилтны эрүүл мэнд болон үйлдвэрийн осол гэмтэл, эрсдэлээс хамгаалахад нөлөөлдөг. Уул уурхайн байгууллагын 85 хувь нь 20:10, бусад нь 14:7, 24:10, 28:10, 180:10 гэсэн зохицуулалтаар ажилладаг. Энэ нөхцөл байдлыг ажилчид, ар гэрийнхэн бүгд эсэргүүцэж байхад хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 20:10 гэж баталгаажуулахыг эсэргүүцэж байна. Уул уурхайн 14 компанийн 3400 ажилтанг хамруулсан гарын үсэг бүхий “14:14” хөдөлгөөн өрнүүлж, ХНХЯ-д ханджээ. Хөдөлгөөнөө улс орон даяар өрнүүлнэ. Авч хэлэлцэхгүй бол ажил хаях аж.

“Уул уурхайн салбарынхан улсдаа нэг өдөрт 8,4 тэрбум төгрөг оруулдаг, жилийн 365 хоногоос 94 хоног гэртээ, 24 хоног замд, 245 хоног уурхайд байдаг тооцоо бий. Гэр бүлээсээ удаан хугацаагаар хол ажиллах нь олон сөрө үр дагавартай. Статистик мэдээллээр жилд 4500 гэр бүл салж, 5-6 мянган хүүхэд өнчирч, 500 орчим хүүхэд хүчирхийлэлд өртдөг тоо бий. Хууль ард түмний хөдөлмөрийн харилцааг зөв зохицуулах ёстой болохоос гэр бүл салах, хүүхэд өнчрүүлэх үндэс болох ёсгүй” гэж МҮЭХ-ний Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Түүнчлэн, хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хамтын гэрээ хэлэлцээр байгуулах, өөрчлөхтэй холбоотой хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэхээр томъёолсон нь хамтын гэрээ хэлэлцээрийн ач холбогдлыг алдагдуулах, биелэхгүй байх нөхцөл үүсгэж байна. Салбарын хэлэлцээрийг зөвхөн салбарын ажилтан, ажил олгогчийн төлөөлөл байгуулахаар төсөлд тусгасан нь буруу. Учир нь ажилтан, ажил олгогчийн төлөөлөл салбарын асуудлыг бүрэн шийдэх эрх мэдэлгүй тул одоогийн хуулиараа явах ёстой. Ажил олгогч зайлшгүй шаардлагатай тохиолдолд тухайн ажилтантай тохиролцож, илүү цагаар ажиллуулдаг бол төсөлд ажилтантай тохиролцохгүй ажиллуулах нөхцөл бүрдүүлжээ.  Мөн хөдөлмөрийн чадвараа 30 хувиас дээш алдсан тохиолдолд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртсөн гэж үзэж нөхөн төлбөр олгохоор томъёолсон. 30-аас доош хувиар хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд ахуйн осол гэж үзэн, нөхөн төлбөр өгөхгүй орхихыг эсэргүүцэв.  

 

Хариуцлага нэхэх кампанит ажил эхлүүлнэ

Капитал банканд 31 байгууллагын өр, авлага үүссэн ч өнөөдөр хүртэл өр барагдуулалт тодорхой бус байгаа тул МҮЭХ даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэйн хувьд тууштай тэмцэж, кампанит ажил өрнүүлэхээ хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.


“Нийгмийн даатгалын сангийн байршуулсан 104 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөгийн өр барагдуулаагүй байгаа албан бус мэдээлэл бий. Үүнийг хэн, хэзээ эргүүлж төлж барагдуулах вэ? Энэ хэргийг замхруулахгүйн тулд Өр барагдуулах зөвлөлд хэд хэдэн санал хүргүүлсэн. МҮЭХ-ны төлөөлөл өчигдөр НХХ-ийн сайдтай уулзаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн үндэсний зөвлөл хуралдуулах санал тавьсан. Эрх хүлээн авагч, холбогдох төрийн байгууллага онцгой анхаарал хандуулахыг шаардаж байна” гэж Х.Амгаланбаатар онцоллоо.

 

Өдрөөр, цагаар ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл байдлыг шалгана

МҮЭХ, МХЕГ, НМХГ, Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв хамтран Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа барилгын салбарын нэр бүхий компанид гурван өдрийн турш шалгалт хийнэ.  

Барилгын талбайд өдрөөр, цагийн ажил эрхэлж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн нөхцөлд хяналт тавьж, ажил, амралтын цаг, цалин хөлсний зохицуулалт, ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл олгож байгаа эсэхийг шалгах юм. Салбарын ажил олгогчид туслан гүйцэтгэх буюу өдөр, цагаар ажилладаг ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүйгээс гадна ажлын цаг баримтлахгүй, хөдөлмөрийн эрүүл, аюулгүй байдлыг хангахгүй нөхцөлд ажиллуулж, хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчиж байна. “Энэ салбарт осол, гэмтлийн тоо буурахгүй, жилээс жилд өссөөр байгаа нь үүнтэй шууд холбоотой”-г МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлсэн.


Үндэсний татистикийн хорооны 2019 оны судалгаагаар улсын хэмжээнд барилгын салбарт 68,8 мянган ажилчин байгаагаас 42,8 мянга нь эрэгтэй, 26 мянга нь эмэгтэй. Барилгын салбарт 2017 онд 15, 2018 онд 17, 2019 онд 38 осол гарсан бол энэ оны гуравдугаар улирлын байдлаар 30 осол гарчээ. 

Холбоотой мэдээ