Буяны үйлчилгээний стандарт танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-02 15:05:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, “Буяны зан үйлийн холбоо” ТББ, Стандарт Хэмжил Зүйн Газар оршуулгын үйлчилгээ үзүүлэхэд баримтлах MNS6841:2020 үндэсний стандарт батлуулснаа оршуулгын үйлчилгээ эрхэлдэг компани, шашин сүм хийдийн төлөөлөлд өнөөдөр танилцууллаа.  

Захирагчийн ажлын алба 2017 оноос оршуулгын үйлчилгээний салбарт тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэсний нэг нь өнөөдрийн танилцуулж буй стандарт юм. Энэ стандартаар оршуулгын үйлчилгээтэй холбоотой нэр, нэршлийг тодорхой болгож, оршуулгын үйлчилгээний байгууллага, оршуулгын газар, байгууламж, шарил хадгалах, тээвэрлэх, чандарлахад тавих шаардлага, хэм хэмжээг тогтоосноос гадна оршуулгатай холбоотой асуудлын  юуг нь төр, хувийн хэвшил, иргэд хариуцах зохицуулалтыг тодорхойлж өгсөн. Сүүлийн үед зөвшөөрөөгүй газарт оршуулга хийх, иргэдэд оршуулгын чанаргүй үйлчилгээ үзүүлэх нь ихэссэн. Энэ бүхэн үйлчилгээний стандарт байгаагүйтэй холбоотой. Иймд оршуулгын үйлчилгээний стандарттай болсноор энэ салбарын эмх замбараагүй, чанаргүй үйл ажиллагааг цэгцэлж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, хэм хэмжээ тогтоох, хяналт тавих суурь баримт бичигтэй болж байгаа юм.

Холбоотой мэдээ