69 компанид "С" зөвшөөрлийн бичиг олгохыг тодорхой хугацаагаар хязгаарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Шивээхүрэн, Гашуунсухайт боомтод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд өнгөрсөн 7-8 сард хийсэн шалгалтын тухай Авто тээврийн үндэсний төвөөс өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр танилцуулав.
Шалгалтаар жолоочийн амрах, усанд орох байртай, эмчийн үзлэгт хамруулдаг 25, дунд эрсдэлтэй буюу түрээсийн амрах байртай 67 компани байсан бол үлдсэн 69 компани нь огт шаардлага хангаагүй, жолоочдод хамаг ажлыг үүрүүлсэн жишигтэй байв. Иймд тухайн компаниудад С зөвшөөрлийн бичиг олгохыг тодорхой хугацаагаар хязгаарлажээ.
Энэ оны дөрөвдүгээр улиралд Баянхошуу боомтоор 100, Бичигт боомтоор 300, Гашуунсухайт боомтоор 7000, Замын-Үүд боомтоор 500, Шивээхүрэн боомтоор 2500, Ханги боомтоор 400, Булган боомтоор 1250 ширхэг хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох хуваарилалтыг ЗТХЯ-наас баталгаажуулж, БНХАУ-тай хиллэдэг 9 боомтоор 264 аж ахуй нэгж байгууллагын 12660 тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлжээ. Нийт 258 аж ахуй нэгж байгууллагын 9291 тээврийн хэрэгсэлд олгосон талаар АТҮТ-өөс танилцууллаа.
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал
Б.Гүрсоронзон энэ үеэр хэлэхдээ, “Хоёр улсын хооронд байнгын тээвэрлэлт хийх С
зөвшөөрлийн бичгийг БНХАУ-ын талаас Монгол Улсад улиралд олгохдоо АТҮТ-өөс стандартын шаардлага хангасан компанид тодорхой
тоогоор өгдөг. Гашуунсухайт
боомтод улиралд 6000 С
зөвшөөрлийн бичгийг олгодог нь БНХАУ-ын Тээврийн танхимаас
хэлэлцээрийн хүрээнд дурдагдсан тоо. “Оюутолгой” ХХК, “Тавантолгой" ХК,
“Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн хүсэлтийг энэ тоонд багтааж ирүүлдэг” гэв.
АТҮТ зөвшөөрлийн бичиг олгоох явцыг нээлттэй зохион байгуулахын тулд 2019 онд “Тээврийн нэгдсэн систем” цахим программ нэвтрүүлжээ. Ингэснээр Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын лицензийн төв зэрэг байгууллагын мэдээллийн сантай холбож, иргэд мэдээллийг ил тод авах боломжтой юм.