Монгол Улсад байсан хүрээ хийдийн газрын зургаар сан хөмрөгөө баяжуулав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-09-21 14:07:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар 1:1500 000-ын масштабтай түүхэн газрын зураг худалдан авч, архивын сан хөмрөгөө баяжууллаа.


ОХУ-д 1934-1940 онд зохиож, хэвлэсэн 10 хуудас  газрын зурагт Монгол Улсад байсан бүх хүрээ, сүм, хийд, жас, дуганы байршил, нэрийн хамт маш нарийвчлан тэмдэглэжээ. Энэ зургийг Улсын хилийн өөрчлөлт, засаг захиргааны нэгжийн нэр, газар зүйн нэр, устсан сүм хийдийн судалгаа зэрэгт ашиглах боломжтой аж.


Тус байгууллагын түүхэн газрын зургийн сан хөмрөгт XVIII-XX зууны эхэн үеийн халх Монголын аймаг, хошуудын нутаг дэвсгэрийн хуваарилалт, газар зүйн байдал, нутгийн захын болон доторх уул овоо, тэдгээрийн нэрс, зүг чиг, дэс дараалал, засаг ноёны орд өргөө, сүм хийд, өртөөний байрлал, замын чиглэл, хилийн гэр харуулын байрлал, нутаг орны байдлыг харуулсан судалгааны сурвалж хадгалагддаг. Тухайлбал, Халхын Сэцэн хан, Түшээт хан, Сайн ноён, Жибзундамба хутагтын Их шавь, Ховдын хязгаар, харуул, өртөөний зэрэг нийт 171 нутгийн зураг байдаг. Энэ нь Халхын Сэцэн хан аймгийн 68, Халхын Түшээт хан аймгийн 46, Сайн ноён аймгийн 34, Жибзундамба хутагтын Их шавийн 2, Ховдын хязгаарын 2, харуулын 16, өртөөний 2 зураг юм. Зурагдсан он цагийн хувьд, хамгийн эртнийх нь 1793 онд үйлдсэн Халхын Сэцэн хан аймгийн Ахай засгийн хошууны зураг бол сүүлийнх нь 1922 оны Халхын Сэцэн хан, Түшээт хан аймгийн хошууны нутгийн зургууд юм. Эдгээр нь XVIII зууны эцсээс XX зууны эхэн үеийн 130 орчим жилийг хамардаг аж. 

Холбоотой мэдээ