Монгол Улсын Ерөнхийлөгч Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзав

Монголын мэдээ | Улс төр
oyundelger@montsame.gov.mn
2020-09-13 10:24:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ “Жаахан шарга” театрт тус аймгийн иргэдтэй уулзав.

Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтыг нээж “2018 оны нэгдүгээр сарын 26-нд Сүхбаатар аймгийн 500 гаруй иргэнтэй уулзсан. Энэ удаа иргэдтэй дахин уулзаж, үгийг нь шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газарт хүргэх зорилготой”-гоо хэллээ. Тэрбээр Баруун-Урт сумаас 6 км зайд орших Сайншанд-Баруун-Урт чиглэлийн 317км төмөр замын төгсгөлийн цэгт мэргэжилтнүүдийн хамт ажилласнаа танилцуулж, төслийг амжилттай хэрэгжүүлэн, Баруун-Урт сумын ойролцоо төмөр замын өртөө байгуулснаар Сүхбаатар аймаг зүүн бүсийн транзит тээврийн зангилаа болон хөгжих боломжтойг онцлов.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд баталсан төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилт, Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд барьж буй 700 орчим км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдэд мэдээлэл өгч, одоогооор ийм хэмжээний төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын нөөц бололцоонд тулгуурлан хийж буй улс орон байхгүй хэмээв. Мөн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй залуус армиар дамжин мэргэжил эзэмшиж, ажил гүйцэтгэх чадвартай, ирээдүйн өрхийн тэргүүн болон бэлтгэгдэж буйг Төрийн тэргүүн онцлов.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийн төлөөллийг тайз руу урьснаар уулзалт эхэлсэн.

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Тэгш-Эрдэнэ “Манай нэгдсэн эмнэлгийн барилгыг 1990 онд барьж, 2009-2010 онд их засвар хийсэн. Үүнээс хойш их засвар хийгээгүй, урсгал засварыг өөрсдийн төсөвт багтааж хийдэг. Нэгдсэн эмнэлгийн барилга эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ явуулахад ихээхэн хүндрэлтэй болсон учир эмнэлгийн байрыг шинээр барих асуудлыг танаар дамжуулж, УИХ, Засгийн газарт хүргэх гэсэн юм. Саналыг маань дэмжиж өгөхийг хүсч байна” гэлээ.

Сүхбаатар аймгийн иргэн Ж.Доржсүрэн “Монгол Улсын шүүх үнэн үг сонсохоо байж. Эрхэм дарга нар миний тэтгэврийг тогтоож өгөхгүй “Чиний олон жил ажилласан хамаагүй, чи өөрийнхөө саналаар халагдсан” гэдэг. Албан газар ажилласан хэдэн жил байгааг оруулдаггүй Нийгмийн даатгалын газар гэж байх уу? 60 нас хүрсэн хүн очиж байна. Улсын дээд шүүх хүртэл шүүхдэж явсан. Улсын дээд шүүх хариу өгөхдөө “Үндсэн байгууллага ингэж тайлбарлаж байгаа” гэсэн. Үндсэн байгууллага юу ч гэж тайлбарласан хамаагүй юу? Бид хэний төлөө ажиллаж насаа барсан юм? Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч. Би иргэн хүнийхээ хувьд туйлдаж, гадуурхагдаж ирлээ” гэлээ.

Сүхбаатар аймгийн ИТХ-ын ажилтан Жаргалсайхан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан зарим нэг зүйл хэлмээр байна. Жишээ хэлье. Аймгийн Засаг даргыг хоёр хувилбараар нэр дэвшүүлэх юм байна гэж ойлгов. ИТХ-аас нэр дэвшүүлж болно, Ерөнхий сайд нэр дэвшигчийг хүлээж авахгүй бол Ерөнхий сайд өөрөө нэр дэвшүүлэх хувилбар байгаа юм байна. Гэхдээ Ерөнхий сайдын нэр дэвшүүлсэн хүнийг орон нутгийн ИТХ хүлээж авахгүй бол шийдэх гарц байхгүй юм шиг санагдлаа. Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндсэн зарчимд айхтар өөрчлөлт орсон юм байхгүй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдэл, өөрөөр хэлбэл ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдийн санал ач холбогдолгүй, Ерөнхий сайдын саналаар шийдэх гээд байна уу гэсэн эргэлзээ байна” хэмэлээ.

Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Өлзийжаргал “Сүхбаатар аймгийн залуус хувь, төр, иргэний нийгмийн олон салбарт ажилладаг. Өнөөдөр иргэний нийгмийн байгууллагад ажиллаж байгаа залуус төр, хувийн хэвшил хоёрын дунд хаягдаж байна. Төрийн бодлого үгүйлэгдэж байна. Залуусыг төрийн бодлогоор дэмжиж, тэднийг идэвхжүүлж чадавхжуулах, нийгмийн оролцоог хангах тал дээр ажиллаж, тусалж өгөхийг хүсье” гэсэн юм.


Сүхбаатар аймгийн иргэн Гомбосүрэн“ Бичигтийн боомтыг холбон, төмөр зам тавиулах гол зангилаа асуудлыг ард түмэн дэмжиж байгаа. Энэ асуудлаар Ерөнхийлөгч таныг дэмжиж өгөхийг 60 мянган иргэнийхээ өмнөөс хүсье. Мөн Цагаан сарын өмнө тэтгэврийн зээлийг тэглэж өгсөн нь ахмад настны хувьд баярлаж явдаг. Монгол Улсад гурван эмгэнэл ноёрхлоо. Нэгдүгээрт, олон намын тогтолцоо Монгол улсыг туйлдуулж гүйцлээ. Ерөнхийлөгч та ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч юм бол тараан бутаргаж байгаа энэ олон намыг устгаж өгөөч. Хоёрдугаарт, энэ олон их дээд сургуулийг цөөлөөч. Тэтгэврийн олон хүнийг туйлдуулж байна. Үр хүүхдүүд маань ромбо зүүж ирээд юу ч хийхгүй юм. Ажил сурахгүй байна. Мөн олон зуун телевизээ хасч өгөөч. Сайхан бүтээн байгуулалт хийж байгаа хүний үгийг хаанаас олж сонсох вэ? Олон телевизтэй болсноор иргэдийн үнэн бодит мэдээлэл авах боломж бүрэн алдагдсан” гэв.

Сүхбаатар аймгийн иргэн Сайнбуян “Эрүүл мэндийн даатгал зарим талаараа алдаа мадагтай санагддаг. Даатгалд хамрагдсан эмийг сарын эхэнд гурав хоногийн дотор бичээд, дөрөв, тав хоногийн дараа эмийн санд очиход даатгалаар өгөх эм дууссан гэдэг. Тэгсэн байтлаа эмийн тавиур дээр эм нь байж байдаг. Яагаад ийм байгаа юм бэ? Эмийн сангууд ашгаа бодож байгаа болохоос хүний эрүүл энхийн төлөө санаа тавьдаггүй. Энэ бол ард түмэнд хэрэгтэй зүйл гэж би боддог.”

Сүхбаатар аймгийн иргэн Оюунцэцэг “Эхийн одонгийн хуулийн заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. Эхийн одон олгох тухай хуулийн 3.1, 3.2-т зааснаар хамгийн бага хүүхэд нь ой хүрэхэд бусад гурав нь эсэн мэнд байна гэсэн заалтаар олон ээж хасагдсан. Дөрвөн хүүхэд төрүүлсэн ч одон авах шаардлага хангахгүй, дунд хүүхэд нь нас барсан эхчүүд одонгоо авч чадахгүй байгаа. Энэ заалтыг эргэн харж өгнө үү” гэж хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад  хариулснаар уулзалт өндөрлөв.

 

Холбоотой мэдээ