АНУ-ын бэлтгэсэн сөрөг хүчнийхэн террористуудад зэвсэг өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-09-26 12:32:45

МОСКВА. /RIA Novosti/. Цэргийн сургагч нарынх нь бэлтгэж сургасан Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид өөрсдийн тоног төхөөрөмж, зэвсгээс лалын шашинтнуудын “Жебхат ан-Нусра” бүлэглэлд өгсөн тухай мэдээллийг АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлал /CENTCOM/ авчээ.

Америкчуудын бэлтгэсэн Сирийн сөрөг хүчний 70 орчим байлдагч Туркээс гарч Сирийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн тухай урьд нь мэдээлсэн байна. CENTCOM-ын мэдээллээр, “Сирийн шинэ хүчин” гэж нэрлэсэн цэргүүд улсынхаа хойд хэсэгт явуулах зэвсэгт  сөрөг хүчний үйл ажиллагаанд удирдах гол үүргийг гүйцэтгэх юм.

“Зургаан жижиг ачааны машин болон зэр зэвсгээсээ “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн зуучлагч бололтой хүнд есдүгээр сарын 21-22-нд өгснөө “Сирийн шинэ хүчин”-ий цэргүүд эвслийн төлөөлөгчидтэй холбогдож, мэдээлсэн. Энэ нь тэдэнд нийлүүлсэн тоног төхөөрөмж, зэвсгийн 25 орчим хувьтай тэнцэнэ” гэж төв командлалын албан ёсны төлөөлөгч Патрик Райдер мэдэгджээ.

CENTCOM-ын мэдэгдэлд дурдаж буйгаар, Сирийн сөрөг хүчний цэргүүд лалын шашинтнуудын хяналтад байгаа нутаг дэвсгэрээр дамжин гарахын тулд тэдэнд зэвсэг өгсөн байж магадгүй.

АНУ-ын бэлтгэсэн 50 орчим цэрэг бүхий эхний отряд террорист “Аль-Каида” байгууллагын Сири дэх сүлжээнд нэгдсэн тухай урьд нь мэдээлсэн байна. 500 сая долларын санхүүжилттэй, 5000 цэргийг бэлтгэх хөтөлбөр үнэн хэрэгтээ үр дүнгүй болсныг Пентагон есдүгээр сард хүлээн зөвшөөрсөн байна Хөтөлбөрт хамрагдсан цэргүүдийн ердөө 4 эсвэл 5 хүн Сирид байлдаж байгаа аж.  Уг хөтөлбөрийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж АНУ-ын Конгрессын зарим гишүүн Пентагоныг шүүмжилсэн байна.

Сири улсад 2011 оны гуравдугаар сараас хойш зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм. НҮБ-ын мэдээлснээр, мөргөлдөөний улмаас 220 мянган хүн амиа алджээ. Сирийн Засгийн газрын цэргүүд янз бүрийн зэвсэгт бүлэглэлийн босогчидтой байлдаж бөгөөд эдгээрээс “Лалын улс” болон “Жебхат ан-Нусра” бүлэглэл хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд