Засгийн газрын 2020-2024 оны ажлын хөтөлбөрийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-28 22:48:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны ажлын хөтөлбөр батлах тухай тогтоол батлав.


Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төслийн холбогдох заалтад нэмж тусган, зарчмын зөрүүтэй саналын агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүй найруулан засварлаж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.


Хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн найруулгын саналд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр УИХ-ын даргад бичгээр ирүүлсэн санал багтаж байгаа бөгөөд эрдэс баялгийн экспортын зонхилох хувийг эзэлж байгаа байгалийн баялгийг нэмүү өртөг шингээн боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхтэй холбоотой саналыг тогтоолын хавсралтын “Эдийн засгийн бодлого” гэсэн 3 дугаар бүлгийн “Уул уурхай, хүнд үйлдвэрлэл’ хэсэгт агуулгаар багтаан; малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэр богино хугацаанд барихтай холбоотой саналыг “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр” хэсэгт агуулгаар нь багтаан; Улаанбаатар хотын дагуул хот барьж байгуулах санал нь Засгийн газрын 2020-2024 оны ажлын хөтөлбөрт бүхэлдээ багтсан тул холбогдох найруулгын саналыг боловсруулсан гэв.


Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй 23 саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалаа. Дараа нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны ажлын хөтөлбөр батлах тухай тогтоолыг бүхлээр нь гишүүдийн олонх дэмжиж баталлаа.

Холбоотой мэдээ