Шинэ ургац гарснаар төмс, луувангийн үнэ 1000 төгрөгөөр хямдарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-13 17:35:56
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмс, лууван, байцай, манжин, сонгино зэрэг өргөн хэрэглээний хүнсний ногооны шинэ ургац гарснаар иргэдийг бухимдуулаад байсан ногооны үнэ хямдарчээ.


Нийслэлийн статистикийн газраас долдугаар сарын 29-нд монгол төмс 2045 төгрөг, лууван 2444 төгрөг, байцай 2920 төгрөгт хүрч үнэ нь нэмэгдсэн бол манжингийн үнэ 3129 төгрөг болж хямдарсан тухай мэдээлж байсан юм. 


Тэгвэл өнөөдрийн байдлаар Барс болон Хүчит шонхор худалдааны төвд төмс кг нь 800-1000 төгрөг, лууван 1000-1500 төгрөг, байцай 1000-1300 төгрөг, сонгино 2000, шар манжин 2500, хүрэн манжин 1200, сармис 5000 төгрөгийн үнэтэй байна.


Худалдаачдаас өргөн хэрэглээний хүнсний ногооны ханшийн талаар тодруулахад, “Шинэ ургац гараад ногоо хямдарсан. Импортоор сонгино хааяа орж ирж байгаа. Харин төмс, лууван зэрэг бусад ногоог дотоодоос хангаж байна” гэлээ. 


COVID-19 цар тахалтай холбоотойгоор хүнсний ногооны импорт багасаж, сонгиноос бусад ногооны нийлүүлэлтийн дийлэнхийг Сэлэнгэ, Төв аймгийн ургац эзэлж байна.

 


Г.Бямбалхагва


Холбоотой мэдээ