Хоригдлууд керамик урлалаар хичээллэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-12 16:57:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих ангийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хоригдлуудад зориулан керамик урлалын сургалт анх удаа явуулж эхэлжээ.

Одоогоор гарын ур дүйтэй, зураг зурах болон сийлбэр хийх авьяастай зургаан хоригдлыг тус сургалтад хамруулсан бөгөөд 30 хувь нь онолын мэдлэг олгох, 70 хувь нь практик дадлага олгох хэлбэрээр явуулж байгаа аж. Хоригдлууд шавраа бэлтгэх гар техникийн аргуудад суралцаж, өөр өөрийн гаргасан зургийн дагуу бүтээл урлаж эхэлжээ.

Энэ нь хоригдлуудын зан байдал, засрал хүмүүжилд эергээр нөлөөлөхөөс гадна суллагдсаныхаа дараа эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэхэд туслана хэмээн тус албаныхан үзсэн байна.


Керамик гэдэг нь эртний грекээс гаралтай, “Хүрдний урлаг” гэдэг утгатай үг юм. Керамик урлал нь байгалийн шавар шороогоор бүтээгдэхүүн урладаг бөгөөд  жижиг баримал, бэлэг дурсгал, ваар сав, уран барилгын чимэглэл, шаазан сав суулга урлал гэх зэрэг хэд хэдэн ангилалтай байдаг.  Шавар шороог энгийн гар аргаар, үйлдвэрлэлийн гэсэн үндсэн хоёр аргаар боловсруулж бүтээгдэхүүнээ урладаг ажээ.

Шавар эдлэлийг 800-1000, 1200-1300, шаазан эдлэлийг 1300-1400 С -ийн  температурт шатааж бэхжүүлдэг байна.

Ус, гал, шавар гурав нийлээд гайхамшгийг бүтээдэг керамик урлаг хүнд тэсвэр тэвчээр суулгаж гоо зүйн мэдрэмж олгон, ёс суртахууныг төлөвшүүлэх ач холбогдолтой юм. Мөн ямар нэгэн зүйлд тогтвор суурьшилтай хандах чадвар эзэмшүүлдэг давуу талтай. 


Холбоотой мэдээ