Эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хүсэгчдийн материалыг хүлээн авч эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-04 16:13:39

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.14 дэх хэсэгт заасны дагуу шаардлага хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг олгохоор материал хүлээн авч эхлээд байгаа талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хүсэх хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох материалыг ОБЕГ-ын даргын 2018 оны А/192 тоот тушаалаар батлагдсан загварын дагуу бүрдүүлж, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газарт 8 дугаар сарын 14-ний 17:00 цагаас өмнө ирүүлэх юм.

Тусгай зөвшөөрлийг Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд заасан шаардлагуудыг баримтлан олгох юм. Мөн Засгийн газрын 67 дугаар тогтоолоор батлагдсан Эрсдэлийн үнэлгээ хийх журмын 7.1–д заасан мэргэшлийн төрлийг харгалзан тусгай зөвшөөрлийг өмнө хүссэн хуулийн этгээд дахин хүсэлт гаргаж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх мэргэшсэн чиглэлийг нэмж, өөрчилж  болно.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэрээр олгох “Гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл”-ийг хүлээн авах хуулийн этгээд нь УИХ-аас энэ оны 5 дугаар сарын 14-нд “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.5 дахь хэсэг, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.1.36 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Дэлгэрэнгүй мэдээллийг 263579, 263585 болон 263547 утсаар лавлах боломжтой.

Холбоотой мэдээ