Биткоины ханш 12 мянган долларт хүрлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-02 13:30:13

МОСКВА./РИА Новости/.  Хамгийн түгээмэл хэрэглэгддэг цахим валют болох биткоины ханш өнгөрсөн 2019 оны 8 дугаар сараас хойш анх удаагаа 12 мянган долларын босгыг давлаа.


CoinMarketCap цахим хуудсанд бичсэнээр, Москвагийн цагаар 07.03  цагийн үед 20 биржийн дундаж үнийг тооцоолж үзэхэд биткоины ханш 4,91 хувиар өсч, 11 918 долларт хүрсэн бол цахим валютын арилжаагаар тэргүүлдэг Binance биржид 5,41 хувиар өсч 11 980 долларт хүрсэн байна. Арилжааны явцад 2019 оны 8 дугаар сарын 9-нөөс хойших хугацаанд анх удаагаа ханш 12 мянган долларт хүрээд буужээ.


Биткоин бол дэлхийн цахим зоосны зах зээлийн 61 орчим хувийг эзэлж буй криптовалют юм.   


Brave New Coin компанийн шинжээч Жош Олшевич-ийн дүгнэж байгаагаар, биткоины ханш өссөн нь доллар, юань зэрэг голлох валютуудын ханш суларч буйтай холбоотой бөгөөд ханшийн өсөлт хэдэн долоо хоногоос хэдэн сарын турш үргэлжлэх ажээ.


Өмнө нь шинжээчдээс энэ талаар лавлахад, дэлхийн эдийн засаг аажмаар сэргэж, бусад эрсдэлтэй активуудын эрэлт нэмэгдэж буй энэ үед биткоины ханш цаашид өснө гэсэн таамаглалыг дэвшүүлж байсан юм. Тухайлбал, бие даасан шинжээч Мансур Гусейнов хэлэхдээ “7 дугаар сарын дүнгээр биткоины ханш 11 мянган долларын түвшинд хаагдсан нь цаашид ханш өснө гэсэн дохио мөн” гэлээ.   

Холбоотой мэдээ