Цагдаа нар дөрвөн хүүхдийн амийг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-07-23 11:12:50

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр, дөрвөн хүүхдийн амийг аварчээ. 

Тодруулбал, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аварга тосон рашаан сувиллын газар энэ жил нуураа цэвэрлэх зорилгоор үйл ажиллагаагаа түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор иргэд аялагчид тус аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Гүрмийн нуурыг олноороо зорих болсон аж. Тэгвэл энэ сарын 14-ний өглөө 09 цаг 30 минутад иргэнээс “Манай дөрвөн хүүхэд нуурт живлээ, туслаарай” гэх дуудлага мэдээллийг тус сумын цагдаагийн хэсэгт өгчээ. Дуудлагын дагуу Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Раднаабазар, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхтуяарах-Од нар 09 цаг 40 минутад Гүрмийн нуурын зүүн талд шуурхай очиж шалгахад дөрвөн хүүхэд нуурын эргээс холдон гол хэсэгт хийлдэг гудас дээр хөвж явсан байна.

Тус нуур нь гол хэсгээрээ 30 метрийн гүнтэй, 20 орчим км-ийн тойрог радиустай бөгөөд цагдаагийн алба хаагчид автомашины дугуйны олгой хаммерыг хийлж, усны хантааз өмсөн Баян-Овоо сумын дөрөвдүгээр багийн засаг дарга С.Отгонбаярын хамт нуур луу сэлж орон 5-8 насны дөрвөн хүүхдийг уснаас эсэн мэнд аварч гаргасан байна.

Холбоотой мэдээ