Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр 265 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-20 18:21:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатарын тусгай нислэг өнөөдөр 17.20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 265 иргэн эх орондоо ирлээ.


Тодруулбал, бага насны хүүхэдтэй 38, жирэмсэн болон тэдгээрийн асран хамгаалагч 32, өндөр настан 20, хөгжлийн бэрхшээлтэй 6, эрүүл мэндийн шалтгаантай болон тэдний асран хамгаалагч 30, хууль бусаар оршин суусан хэргээр саатуулагдсан 15, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 124 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Эрхэс”, “Сэнтий”, Токио Инн” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээллээ.


Ташрамд дурдахад, УОК-оос хилийн чанадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж байгаа бөгөөд долоодугаар сард нийт 15 удаагийн нислэгээр 3400 иргэнийг эх оронд нь авч ирэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар, дэлхийн 55 улсаас 10 мянга 513 Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын шуурхай штабт албан ёсоор гаргаад байна. 

Холбоотой мэдээ