Ус зайлуулах шугамын нэвтрэх чадварыг нэмэхийг даалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-07-09 08:47:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан өргөтгөсөн байдлаар яг одоо нийслэлийн захиргааны "Хангарьд" ордноо болж байна. Хуралдаанаар үерийн улмаас нийслэлд үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй ажлын талаар хэлэлцэж байна. 

Нийслэлийн Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноровын танилцуулж буйгаар хотын гудамж, талбай усанд автаад байгаа нөхцөл байдал нь 1970-1980 онд хийсэн инженерийн байгууламж муудсан нь төв магистрал шугамын ачааллыг нэмж байгаа аж. Мөн айл өрх, ААН, байгууллага усны далан, суваг, инженерийн байгууламжийг хааж барилга, байгууламж барьсантай холбоотойгоор борооны ус тогтох эрсдэлтэй нөхцөл үүсч байна гэсэн юм. Мөн үерийн далан, суваг шуудуу хяналтгүй байгаагаас айл өрх, байгууллага, ААН, үйлчилгээний газрууд хогоо хаяснаас бөглөж байгаад анхаарах болсныг танилцууллаа. 


Тиймээс Улаанбаатар хот дахь үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулан ус нэвтрүүлэх чадварыг нэмэхийг нийслэлийн удирдлагаас холбогдох албаныхан, дүүргүүдийн удирдлагад даалгав.

Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас нийслэлд нийт 6 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж нурж эвдрэл үүсч засварлаж байна. Улаанбаатар хотын 10 гаруй байршилд өнгөрсөн жилүүдэд ус зайлуулах далан, сувгийн ажлыг хийжээ.

Холбоотой мэдээ