Нийслэлийн 43 газрыг тусгай хамгаалалтад авчээ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-07-07 13:42:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ нийслэлийн ногоон бүсийг хамгаалах үүднээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намаг бүхий 103 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа.

Мөн Гачуурт голын хөндийн Доод төгөл орчмын усны шувууд цуглардаг намаг бүхий 81 га, Дээндийн нурууны зэрлэг амьтдын тархац, нүүдлийн зам дагасан ойн сан бүхий 6130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт хамгаалалтад авсан газрын тоо 43 болсны 3 нь улсын, 6 нь орон нутгийн, 34 нь дүүргийн тусгай хамгаалалттай газар юм. 

Эдгээр байршилд газар эзэмших, ашиглах, олгох хориотой. Зөрчсөн тохиолдолд НИТХ-ын тогтоолоор хориглосон үйл ажиллагаа явуулж буй ААН, иргэн, хуулийн этгээдийг хамгаалалтын бүсээс гаргаж байгаа юм. Энэ нь суурьшлын бүс тэлж ой, усны сан хомсдох эрсдэл нүүрлээд байгаатай холбоотой авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа аж. 

Нийслэлийн Байгаль орчны газрын мэдээллээр ой, усан сан бүхий хэсэгт газар олгох, иргэд хууль бусаар газар эзэмших зөрчил их гарсаар байна. Тиймээс НИТХ нийслэлийн ногоон бүсийг хамгаалах чиглэлээр үе шаттай ажил зохион байгуулж байна. 

Нийслэлийн ойр орчмын нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалтад авснаар дээрх газрууд нь нийслэлийн иргэдийн амралт зугаалгын нөөц, агаар орчны тэнцвэрт байдлыг хамгаалахад түшиц газрууд болох юм. Газар нутгийг хамгаалалтад авснаар Улаанбаатар хотын дундуур урсах усны нөөц сэргэх, эх нь хамгаалагдах, усны түвшин нэмэгдэх зэрэг эерэг нөлөө гарч байгааг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга хэллээ.

Холбоотой мэдээ