Соёлын яамыг шинээр байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-06 17:41:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. 


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнөөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг УИХ-д өнөөдөр өргөн барьжээ. Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо яаралтай горимоор өнөөдөр хуралдаж хууль, тогтоолын төслийг дэмжсэн байна.


Төсөлд, Монгол Улсын Засгийн газар 14 яамтай ажиллах бөгөөд үүнээс 6 нь ерөнхий чиг үүргийн, 8 нь чиглэлийнх байхаар тусгажээ. Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, яамдын асуудал эрхэлсэн сайд зэрэг 17 гишүүн ажиллуулах юм. Ингэхдээ, соёлын болон шинжлэх ухаан, боловсролын салбарт төрөөс баримтлах бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, соёлын үнэт зүйлийг сэргээх тогтолцоог бүрдүүлэх, шинжлэх ухаан, инновацын төсөл хөтөлбөрийг оновчтой зохион байгуулахын тулд БСШУСЯ-ыг БШУ болон Соёлын яам болгон хуваажээ. Харин нийтийн биеийн тамирыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, түүгээр хичээллэх явдыг дэмжиж хүн амыг эрүүлжүүлэх шаардлагыг үндэслэн спортын чиг үүргийн бодлого зохицуулалтыг Ерөнхий сайдын харьяа Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын хороонд хариуцуулахаар төсөлд тусгасан байна. 


Засгийн газар нь:

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам

-Батлан хамгаалах яам

-Гадаад харилцааны яам

-Сангийн яам

-Хууль зүй, дотоод хэргийн яам

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн Ерөнхий чиг үүргийн;

-Барилга, хот байгуулалтын яам

-Боловсрол, шинжлэх ухааны яам

-Зам, тээврийн хөгжлийн яам

-Соёлын яам

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

-Эрчим хүчний яам

-Эрүүл мэндийн яам гэсэн бүтэцтэй байхаар төслийг боловсруулжээ.


Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг дагаж гарах хуульд, Засгийн газрын тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллахаар тусгажээ.

Холбоотой мэдээ