Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-07-04 16:38:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаны хүмүүс Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.

 

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажил хийж байгаа билээ.

 

Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд амьдарч байсан газраа байраар сольсон иргэд байрандаа орохдоо тухайн оршин сууж байсан газраа цэвэрлэж, хог хаягдлаа ачаагүй тэр хэвээр нь үлдээсэнд өмнөх Хотын Захирагч С.Амарсайхан шүүмжлэлтэй хандан албаныханд яаралтай цэвэрлэж, янзлуулахыг үүрэг болгосон.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, “Энэ орчмын хог хаягдлыг цэвэрлүүлэхэд холбогдох газрууд хяналтаа тавьж ажилла. Амьдрах орчны аюулгүй байдалд хүндрэл учруулсан ийм байдалтай байж болохгүй. Газраа орон сууцаар сольсон иргэд ч энд хариуцлагатай хандаж, бууцаа цэвэрлэх хэрэгтэй” гэдгийг онцлоод нийслэлийн Орон сууцны корпорацийн удирдлагуудыг хяналт тавихыг үүрэг болгов.

Дараа нь албаныхан Баянхошуу дэд төвийн ажлын хүрээнд хийж буй үерийн сувгийн далангийн дагуух тохижилтын ажлын гүйцэтгэлийг шалгасан юм. Гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Дүүрэн трейд” компаний ерөнхий инженер Н.Бадмааванчин “Далангийн тохижилтын ажлыг 80 хувьтай хийж байна. Төлөвлөсөн төлөвлөгөө, графикийн дагуу ажил хэвийн үргэлжилж байна. Хүндрэл бэрхшээл ажилд саад болж байгаа зүйл харьцангуй бага байна” гэв. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч далангийн тохижилтын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг хүссэн юм.

“Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв болон 240 хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалтын ажлууд хийж байна. “Сэлбэ” Бизнес инкубатор төвд төрөл бүрийн ажил мэргэжлийн сургалтууд зохион байгуулахаас гадна гарааны бизнес эрхлэх гэж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг туршлага солилцох, мэдлэг чадвараа хуваалцах, бизнес санаагаа бойжуулан бодит ажил хэрэг болгох хүртэл нь дэмжих олон талт үйл ажиллагаа явуулна” гэж “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан төлөвлөсөн хугацаанд бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болголоо.

Мөн албаныхан Дэнжийн мянга, Ганц худаг орчмын үерийн далангийн нөхцөл байдлыг шалгалаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Зарим иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандаж хэлэхэд хот гэдэг маань дүрэм, журамтай. Үерийн далан сэтэлж, барилга байгууламж барих, зөвшөөрөлгүй газар буух зэрэг зөрчил их гарч байна. Нэг айлын эрх ашгаас болж нийтээрээ үерт автаж болохгүй. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөгдсөн газраа буух хэрэгтэй байна. Бие биенээ хүндэлж, хотынхоо дүрэм, журмыг барьж соёлтой байгаасай гэж хүсмээр байна” гэв.


 


Холбоотой мэдээ