Хил хамгаалах байгууллагын алба хаагчид орон сууцны батламжаа гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-07-03 15:30:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах Засгийн газрын хөтөлбөрт хамрагдаж буй Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид өнөөдөр орон сууцны батламж гардууллаа.


Батламжийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Ж.Бямбасүрэн тэргүүтэй албаны хүмүүс гардуулав.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлэхдээ, “Ковид-19 халдварт цар тахал дэлхий нийтэд тархаж, хүнд байдалд орлоо. Одоогоор Монгол Улс гаднаас энэ тахлыг дотроо алдаагүй, хүний амь нас эрсдээгүй цорын ганц орон болсон байна. Ийм үр дүн гаргахад манай тусгай албаныхан түүний дотор хилийнхэн онцгой үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Засгийн газар тусгай албаныхныг түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамруулж, орон сууцтай болгож байгаад баяртай байна. Мөн нийслэлийн удирдлагуудад баярлалаа” хэмээлээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, “Түрээслээд өмчлөх орон сууцны бодлогыг нийслэл хот анх удаагаа Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөл байдалд цаг наргүй үүрэг гүйцэтгэж буй эрүүл мэнд, онцгой, цагдаа, хил, гааль, мэргэжлийн хяналтын 1000 гаруй алба хаагчийг нэн тэргүүнд түрээсийн орон сууцанд хамруулах УОК-ын шийдвэр гарсан. Та бүхний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж байна. Эрхэм хилчдийнхээ цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье” гэсэн юм.


Энэ үеэр Хил хамгаалах байгууллагын албан хаагчдын зүгээс бидний эх орныхоо төлөө гэсэн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, орон сууцаар хангаж байгаад баяртай байгаагаа албаны хүмүүст илэрхийлж байв.


Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт нийт төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний 1000 албан хаагч хамрагдах юм. Батламж гардан авсан иргэд байраа сонгон, нийслэлийн Орон сууцны корпорацитай гэрээгээ байгуулснаар түлхүүрээ гардах аж.


Холбоотой мэдээ