Онцгой байдлын байгууллагын 95 алба хаагч орон сууцны батламж гардав

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2020-07-01 17:45:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад өнөөдөр батламж гардуулав.


Энэхүү ёслолд Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд, Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар нар оролцсон юм.


Дэлхий дахинд тархаад байгаа "COVID-19" цар тахлаас эх орон, ард түмнээ хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж буй Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Улсын Онцгой комиссын Шуурхай штаб, тусгаарлах байр, хяналтын цэгт 21-110 хоног үүрэг гүйцэтгээд байна. Түүнчлэн ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн алба хаагчид 2 дугаар сарын 23-аас өнөөдрийг хүртэл 450 хүнд тусгаарлан ажиглах үйлчилгээг үзүүлээд байгаа юм.


Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын ахлагч, тэргүүн ахлагч Ж.Баяртогтох, Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах ангийн  дарга, хошууч Т.Сүхбаатар, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Э.Цагааншүхэрт, Хойд бүсийн төв-Орхон аймгийн ОБГ-ын ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Цэрэн-Очир, Багануур дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Содномдорж, Хан-Уул дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах  14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч А.Ганхуяг, Баянзүрх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах  35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Цэрэнням, Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ч.Тамираа нарын 95 алба хаагч батламжаа гардан авлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Холбоотой мэдээ