Хөтөлбөрт хамрагдсан аймгууд зөвлөлдлөө

Орон нутагт | Баянхонгор
sarantsetseg@montsame.gov.mn
2016-05-11 14:43:19

“Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” хөтөлбөр Сэлэнгэ, Увс, Өвөрхангай, Баянхонгор гэсэн дөрвөн аймагт хэрэгжсэн бөгөөд дээрх аймгийн гурав нь өнгөрсөн жил үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүлжээ.

Үүнээс үзэхэд хөтөлбөр үр дүнгээ өгч байгаа нь илт байна хэмээн тус аймгуудын нэгдсэн сургалтын үеэр зохион байгуулагчид онцлов. Дээрх аймгийн нэгдсэн сургалт улирагч долоо хоногт Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалд болсон байна. Хурлаар ЭТИС хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлуудын онцлог, давуу болон сул талуудын талаар хэлэлцэж, цаашид илүү оновчтой, хүртээмжтэй, үр өгөөжтэй болгоход хэрхэн анхаарч ажиллах талаар зөвлөлджээ.

Бага хурлын үндсэн илтгэлийг Орон нутгийн цогц хөгжил түншлэл төслийн хэрэгжилт сэдвээр GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн дэд захирал О.Батболд тавьжээ. Илтгэлд төсөл хэрэгжих болсон шалтгаан, өнөөдөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээллийг өгсөн бол Орон нутгийн тогтвортой хөгжлийн институтийн захирал Проф.Др.Н.Бурмаа төрийн албан хаагчдыг чадваржуулах талаар сонирхолтой илтгэлийг сонордуулсан байна. Мөн бага хуралд оролцогч аймгуудаас төсөл хэрэгжиж эхэлснээс хойш гарсан өөрчлөлт, шинэчлэлтийн талаар мэдээллийг хийсэн аж. 

Хурал хоёр өдрийн турш үргэлжилсэн бөгөөд орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын ажилтан алба хаагчдыг мэргэшүүлэх, тэдгээрийн ур чадварыг нэмэгдүүлэхэд тус хурал чухал ач холбогдолтой байсныг оролцогчид хэлж байсан. Мөн тэд тус хөтөлбөрийг зөвхөн 4 аймагт төдийгүй нийт улс даяар хэрэгжүүлж төслийн хүрээнд зохион байгуулагдсан 4 талт түншлэл, төрийн байгууллагын ажилтан алба хаагчдыг мэргэшүүлэх, аж ахуйн нэгж, уул уурхайн компаниудыг хариуцлагажуулах, Төрийн бус байгууллагуудын ойлголтыг нэгтгэх, иргэдийн санаа бодолд өөрчлөлт оруулах сургалтуудыг явуулах хэрэгтэйг онцолж байв.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ