Булган аймгийн гурван түймэрт таван аймгийн Онцгой байдлын алба хаагчид дайчлагджээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-06-18 11:38:14

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт өнгөрсөн хоёр хоногт гарсан гурван түймэрт Булган, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дайчлагдаад байна. Тус аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн УурагСэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн Хустайн гурван даваа, Тэшиг сумын Хужирт багийн Шар чулуут гэдэг газар ойн түймэртэй байгаа юм.

            - Ойн түймрийн тархалтыг зогсоож байна. Түймрийг цурманд оруулж бүрэн унтраах шуурхай арга хэмжээ авч байна. Ойн түймэр учир унианги мод их шатаж хөрсний гал, нурмыг бүрэн унтраахад ажиллагаа их шаардаж байгаа. Ойрын өдрүүдэд цаг агаар их халуун байгаа нь түймрийн эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Д.Ууганбаяр ярилаа.

Хутаг-Өндөр сумын Хантай багийн Уураг гэдэг газар гарсан ойн түймэрт тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Хангал сумын Хялганат тосгон дахь гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын ажилтнууд ажиллаж, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлж ирж байна.

Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн Хустайн гурван даваа гэдэг тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Сэлэнгэ, Хангал сумын иргэд, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байна.

Тэшиг сумын Хужирт багийн Шар чулуут гэдэг газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийн тархалтыг зогсоож, унтраахаар ажиллаж байна. Уг түймрийг бүрэн унтраахаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид ирж байгаа аж.

Холбоотой мэдээ