Хөрөнгө оруулагчдын санал гомдлыг цахимаар шийддэг боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэхэд туслах “SIRM” цахим системийн нээлт өнөөдөр МҮХАҮТ-д боллоо.
Хөрөнгө оруулагч нь өөрөө эсвэл төлөөллөөрөө дамжуулан www.ipc.gov.mn буюу "Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл"-ийн цахим хуудсанд хандан санал гомдлоо бүртгүүлснээр шийдвэрлэгдэж дуустал бүх үе шатны мэдээллийг цахимаар хүлээн авна. Гомдлыг холбогдох бүх байгууллагын оролцоотой шийдвэрлэх бөгөөд ингэснээр гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хамгаалах түүнтэй холбоотой зөрчлийг бүртгэх үндэсний мэдээллийн санг үүсгэх боломж нээгдэж байна.
Уг системийг Дэлхийн банк группийн гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорац болон Үндэсний Хөгжлийн Газар хамтран хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ.
"SIRM" системийн нээлтийн үеэр Үндэсний Хөгжлийн Газрын дарга, Б.Баярсайхан, “Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн өсөлт авчрах хөрөнгө оруулалтын ил тод, зохистой орчинг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч байна. Энэ хүрээнд Дэлхийн банктай хамтран "SIRM" системийг нэвтрүүлснээр хөрөнгө оруулагчдад ээлтэй бизнесийн орчин бүрдүүлэх, улмаар Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт болон дотоодын хөрөнгө оруулалтыг хамгаалж, цаашид тогтвортой нэмэгдүүлэх боломж нээгдэж байна” хэмээн онцлов.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О. Амартүвшин, “Гадаадын шууд хөрөнгө оруулалт татахад тулгарч байгаа нэг гол бэрхшээл бол манай улс төрийн ба бодлогын тогтворгүй байдал. Үүнийг засаж залруулахад төрийн болон хувийн хэвшлийн үр дүнтэй, уялдаатай хамтын ажиллагаа чухал. Хөрөнгө оруулагчдаас гаргасан гомдлыг цахим хэлбэрээр бүртгэх нь гаргасан шийдвэр бүрт хяналт тавих, хөрөнгө оруулагчдад үүсээд байгаа асуудлыг ил тод, шуурхай шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой” гэлээ.
ОУСК-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Руфат Алимарданов хэлэхдээ “Covid-19 цар тахал дэлхийн эдийн засагт ихээхэн нөлөөлж байна. Энэ үед хөрөнгө оруулалт татах, хадгалах мөн ажлын байрыг хамгаалах, шинэлэг арга замыг эрэлхийлэх нь юу юунаас чухал болоод байна. Урьдчилан таамаглах боломжтой, тогтвортой хөрөнгө оруулалтын бодлоготой байж, түүнд нийцсэн арга хэмжээг Засгийн газраас тууштай авч хэрэгжүүлэх нь Монгол Улс шиг шинээр хөгжиж буй зах зээлтэй оронд хөрөнгө оруулалт ихээр татаж, цаашилбал санхүүгийн тогтвортой байдлаа бэхжүүлж, эдийн засгаа эрчимтэй сэргээх нөхцлийг бүрдүүлэх юм. ХОГШМ-ын цахим системийг нэвтрүүлж буй нь Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын шинэчлэл хийж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх хүчин чармайлт гаргаж буйг харуулж байна” хэмээн онцлов.
ОУСК-ын Хөрөнгө оруулалтын бодлого, хөдөө аж ахуй салбарын экспортыг дэмжих төслийн зөвлөх Ж.Нарантуяа, “2016 онд Засгийн газар байгуулагдахдаа, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах орон тооны бус зөвлөлийг ЗГХЭГ-ын дэргэд байгуулсан. Энэхүү зөвлөлийн зорилго нь Монгол Улсад томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа дотоодын болон гадаадын компаниудыг бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх аливаа нэг гомдол санал гарвал цаг хугацаанд нь шуурхай шийдвэрлэх юм. ГХЯ, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын албан хаагчид өнгөрсөн сард "SIRM" системийг ашиглах сургалтад хамрагдаж өнөөдөр батламжаа гардаж авлаа” гэлээ.
Б.Содгэрэл