Ц.Чогсомжав: Аймаг орон нутгийн өнгө үзэмж төвийн багаас хамаардаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-06-18 14:42:43

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, аймгийн засаг даргын орлогч Ц.Чогсомжавтай ярилцлаа. Тэрбээр хувийн хэвшлээс улс төрийн салбарт хүчээ сорьж, өнгөрсөн дөрвөн жилд иргэд олон нийтийнхээ итгэлийг хүлээн төрд төлөөлж ажилласан. Энэ хугацаандаа олон ажлыг санаачлан хийж гүйцэтгэжээ. Тийм ч учраас иргэдийнхээ өмнө хэлэх үгтэй, хийсэн ажилтай төлөөлөгч хэмээн түүнийг тодотгож болно.


-Таныг “Эмийн увидас” эмийн сангийн захирал гэдгээр тань анх мэддэг байлаа. Тэгсэн нэг л өдөр улс төрийн салбар руу ороод ирсэн. Яагаад энэ замыг сонгох болов?

-Би 1999 онд ШУТИС-ийг төгсөж ирээд ажлын гараагаа Стандарт хэмжилзүйн төвөөс эхэлсэн. 2002 онд намд элсэж, Арвин гишүүнээс намын батлахаа авч байлаа. Тухайн үед ажлаа хийхийн зэрэгцээ хувийн бизнесээ хөл дээр нь босгох гээд нэлээд ачаалалтай ажилладаг байлаа. Ингэсний хүчинд өнөөдөр төрийн ажил хийхэд ардаа санаа зовох зүйлгүй, бүх зүйлээ зохицуулсан гэж бодож явдаг. Би “Биеэ засаад гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас” гэдэг үгийг хэлэх дуртай. Анх 2014 онд нөхөн сонгуулийн үеэр аймгийн хуралд нэр дэвшиж байсан. Тухайн үед ялагдсан ч орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө хийх зүйл их байгааг харж, итгэл үнэмшил төрсөн. Өөрийн сурсан, мэдсэн бүхнээ зориулъя гэж бодсон. Улс төрд орсноор үүрэг, хариуцлага нэлээд нэмэгддэг юм билээ.

-Таны сонгогдсон багийн онцлог, хөгжүүлэх түлхүүр нь юу вэ?

-Аймаг орон нутгийн өнгө үзэмж төвийн багаас хамаарч байдаг. Хэрлэн сумын 4 дүгээр баг маань орон сууц голлосон төвийн баг. Баг маань зүүн тийшээгээ тэлэх, ялангуяа хүнд үйлдвэрлэл хөгжих боломжтой гэж үздэг. Аймагт маань цэвэрлэх байгууламж, дулааны станд барьж байна. Эдгээр байгууламж ашиглалтад орчихвол томоохон үйлдвэрүүд барих үндэс суурь тавигдана.

-Багийн иргэд ямар асуудлуудаар ихэвчлэн танд ханддаг вэ? Төлөөлөгчийн зүгээс иргэдийн асуудлыг хэрхэн шийдэж байна?

-Багийн иргэд надад нэлээд их санал, хүсэлт тавьдаг. Энэ нь нэг талдаа ажил явуулахад түлхэц болж өгдөг л дөө. Орон сууцнуудын тохижилт, шугам сүлжээ, эрүүл ахуй, аюулгүй байдал, зам талбай, гэрэлтүүлэг гээд асуудал их бий. Гэр хорооллын айлуудын хувьд цэвэр, бохир болон хөрсний бохирдлын асуудал их байна. Хөрсний бохирдлоос болж харшил, вирусийн гаралтай өвчлөл их гардаг. Эдгээр асуудлыг орон нутгийн төсөв, улсын төсөвт тусгах зэргээр тодорхой хэмжээгээр шийдээд явж байна.

Мөн хүний амьдралд юу эс тохиолдох билээ дээ. Өвчин зовлон туссан эмчилгээний зардал, гэр орон, сургалтын төлбөр, тэмцээн уралдаанд оролцох зардал гэх мэт хувийн чанартай хүсэлтүүд бас их ирдэг л дээ. Тиймээс хувиасаа ч болтугай аль болох тус болчих юмсан гэж хичээж явдаг. Тухайлбал, 2018 онд өрх толгойлсон нэг эмэгтэйг өргөө цагаан гэртэй болгосон, архины хамаарлаас салж өөрийгөө ялан дийлсэн нэгэн иргэнийг байшинтай болоход нь дэмжлэг үзүүлсэн. Ер нь амьдрахын төлөө зүтгэж яваа хүнд аль чадахаараа туслах юмсан гэсэн бодолтой л явдаг даа.

-Энэ дөрвөн жилийн хугацаанд иргэдээс ирсэн асуудлыг шийдвэрлүүлж чадсан онцлог ажлуудаас дурдаач?

-Би төлөөлөгчийнхөө хувьд баг бүрт ахуйн үйлчилгээний төвийг баръя гэдэг саналыг оруулаад, 4 дүгээр багт анх барьж, ашиглалтад оруулсан. Мөн А24, А28-р байрны оршин суугчид олон жилийн турш хүйтэн байранд амьдарсаар ирсэн. Тиймээс орон нутгийн төсвөөс 100 сая төгрөг шийдүүлж, ИШС-г шинэчилж, халаалтыг сайжруулсан.

Мөн 2016 оны сонгуулиар иргэдтэйгээ уулзаад явж байхад Эрчмийн 60 айлын асуудал нэлээд хөндөгдсөн. Эдгээр байрууд ашиглалтад орсноос хойш 40, 50 жил болсон тул хөрсний бохирдол маш их болсон. Энэ асуудлыг үе үеийн хурлын төлөөлөгчид шийднэ гэж амласаар бараг 10 жил болсон талаар иргэд ярьж байлаа. Тиймээс цэвэр бохир, дулааны шугамд холбох зайлшгүй шаардлагатай байсан. Энэ ажил нь орон сууц бариагүй л болохоос гэр хорооллын “дахин төлөвлөлт” гэсэн үг л дээ. Тиймээс зарим хүмүүс энэ ажлыг хэцүү, бүтэхгүй гэж ярьдаг байсан. Миний хувьд энэ асуудлыг шийдвэрлүүлэхэд гол анхаарлаа хандуулж, заавал хийнэ гэж бодож эхлүүлсэн. Тиймээс 2018 онд Инженерийн шугам сүлжээний зураг төсвийг хийлгэж, 2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн 150 сая төгрөгийн хөрөнгөөр уг ажлыг эхлүүлсэн. 2020 оны улсын төсөвт саналаа явуулж батлуулаад одоо 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй дуусах шатандаа ороод явж байна. Бид л Эрчмийн 60 айл гэж нэрлэж хэвшсэн ч угтаа 100 гаруй өрх, айл энд оршин суудаг. Эдгээр айлуудыг төвийн дулаанд холбоход уурын зуухны хүчин чадал хүрэлцэхгүй гэсэн асуудал гарч ирсэн. Тиймээс 80 сая төгрөгөөр Уурын зуухны өргөтгөлийн ажил хийхээр болоод байна. Энэ бол миний санаачилж, хэрэгжүүлж, хийж чадсан томоохон ажлын маань нэг гэж боддог.

-Хэрлэн сумын болоод аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчидтэйгээ хэрхэн хамтарч  ажилладаг вэ?

-Хурлын төлөөлөгчидтэйгээ холбоотой, хамтарч баг болон ажиллаж байгаа. Манай багаас сонгогдсон төлөөлөгч нар сар бүрийн 15-нд багийнхаа иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсдог. Заримдаа өглөөний цай хамтдаа ууж, чөлөөт яриа өрнүүлдэг.

- Та төлөөлөгчийнхөө хувиар аймгийн ИТХ-ын ажлыг хэрхэн дүгнэх вэ?

-Манай аймгийн хурлын төлөөлөгчид бүгд мэдлэг, чадвартай, иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс сонгогдсонд би хувьдаа баяртай байдаг. Дөрвөн жилийн хугацаанд хангалттай сайн ажилласан гэж бодож байгаа. Бид бие биенийхээ оруулж ирсэн саналыг улс төр харж, намчирхаж, ялгадаггүй. Иргэдэд үнэхээр хэрэгтэй, тулгамдсан асуудал бол  дэмжээд явдаг. "Оюунлаг Хэнтийчүүд", "Архидалтгүй Хэнтийчүүд" гээд олон хөтөлбөрийг бид амжилттай хэрэгжүүлсэн. Тухайлбал “Архидалтгүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг би хариуцдаг. Өнгөрсөн хугацаанд “Хэрлэнгийн цэнхэр алс” ТББ-тай хамтраад иргэдэд архины хор хөнөөлийн талаар сургалт нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан. Иргэдийн сайн дурын үндсэн дээр хордлого тайлах эмчилгээг хийлгэж, үр дүн сайтай байгаа. Хөтөлбөрт хамрагдсан иргэд маань эргээд надтай уулздаг. Нэг ч гэсэн хүн архи гэдэг хорт зуршлаас салж, гэр бүл үр хүүхэд нь амар амгалан амьдарч байгааг харахад үнэхээр сайхан байдаг.

-Аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил нэлээд өрнөлөө. Энэ талаар?

-Аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон байдаг. Тухайлбал 14 сумын төвийг инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбож, 9 сумын төвийн  ЦДАШ-ыг шинэчилж, 6 багийн төвийг бүсийн  эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон. Мөн Жаргалтхаан сумаас аймгийн төвийн чиглэлийн 17 км замын засвар, Бор-Өндөр сумаас Даланжаргалан сум хүртэлх 45 км шинэ зам, аймгийн төвөөс Дадал сум  чиглэлийн 25 км шинэ зам, Хэрлэн сумын төвийн 6,2 км авто зам, явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг зэрэг ажлууд хийсэн.

Мөн 13 суманд 14 цэцэрлэг, 9 суманд ерөнхий боловсролын сургууль, 6 суманд сургуулийн дотуур байрыг шинээр барьж байна.  Эрүүл мэндийн салбарт 34 автомашин олгож парк шинэчлэлтийг 100 хувь хийсэн. 7 сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөл барьж, Сүрьеэгийн эмнэлэг, Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвийг шинээр барьж байна. Энэ мэтчилэн тоочоод байвал маш олон ажил хийсэн байна. Энэ онд гэхэд л 80 объект шинээр барьж, 22 объектыг үргэлжлүүлэн барьж байгаа. Ямар ч гэсэн иргэдийнхээ өмнө хэлэх үгтэй, хийсэн ажилтай 4 жилийг өнгөрүүллээ. Цаашид ч бидэнд хийх ажил их байна.

-Орон нутгийн барилгын компаниудын чадавх хэр байна, тэднийг дэмжих талаар ямар бодлого чиглэл барьдаг вэ?

-Тендер бол тухайн компанийн худалдан авах чадамж байдаг. Харамсалтай нь 2012-2016 онд улсын төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангаас орон нутгийн барилгын компаниудаар дамжиж, барилга бүтээн байгуулалтын ажил хийгээгүй. Хэрлэн хороолол баригдсан ч гадны томоохон компаниуд орж ирээд барьчихсан. Тиймээс орон нутгийн барилгын компаниудын борлуулалтын орлого буурч, худалдан авах ажиллагааны журамд заагдсан шаардлагыг хангахгүй болсон. Өөрөөр хэлбэл тендерт оролцох боломж буурсан гэсэн үг. Харин сүүлийн жилүүдэд улс орон нутгийн төсвөөр нэлээд ажлууд хийж эхэлснээр манай компаниуд ажилтай болж, санхүүгийн түүх нь арвижин чадамжтай болсон. Аймгийн удирдлагуудын зүгээс орон нутгийнхаа барилгын компаниудыг бодлогоор дэмжин ажиллаж байна.

-Энэ онд Хэнтий аймагт Барилгын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Хэрхэн  зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Барилгын 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулан ахлагчаар нь миний бие ажиллаж байна. Ойгоо 9 сарын эхний долоо хоногт багтаан тэмдэглэхээр төлөвлөөд байна. Бид ойгоо тэмдэглэхдээ үлдэх зүйлгүй, үр ашиггүй зүйлд мөнгө зарцуулаад өнгөрөөх бодолгүй байгаа. Тиймээс цэцэрлэгт хүрээлэнгээ тохижуулах, жишиг гудамж байгуулах зэрэг бодит ажлыг хийхээр төлөвлөсөн. Мөн энэ салбарт олон жил ажилласан ч өөрийн гэсэн гэр оронгүй хүмүүсийн судалгааг гаргаж байгаа. Тэдгээр хүмүүсээ гэр орон, хашаатай болгох зэрэг ажлыг зохион байгуулж бүтээлчээр тэмдэглэн, үлдэх юмтай, хийсэн ажилтай байхаар бодож, төлөвлөж байна.

-Манай аймгийн хувьд хоёр орлогч даргатай. Хоёр орлогчтой байхын давуу тал, ажил үүргийн хуваарилалт ямар байдаг вэ?

-Миний хувьд 2017 оны 2 дугаар сард Засаг даргын орлогчоор томилогдсон. Манай Г.Хэрлэнчулуун дарга аймгийн анхны эмэгтэй орлогч дарга. Эмэгтэй хүн учраас асуудлын нарийн ширийнийг олж харах талдаа илүү чадвартай. Тиймээс эрүүл мэнд, боловсрол нийгмийн салбараа түлхүү барьж ажилладаг. Миний хувьд дэд бүтэц, бүтээн байгуулалтаа хариуцдаг. Бид ажлаа хувааж хийгээд, бие биенийгээ байхгүйд нэгнийхээ ажлыг нөхөөд явчихдаг. Орлогч дарга маш олон ажлын хэсгийг ахалдаг. Хоёр орлогчийн хувьд чиглэл чиглэлээрээ ажлаа хийгээд явахаар ажлын бүтээмж нь өндөр байдаг юм байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил их байсан учраас хоёр орлогчтой байхын давуу тал их гарсан гэж бодож байгаа.

-Төрийн албаны сайхан нь юу байдаг вэ? Төрийн албанд ажилласнаас хойш танд төрсөн эргэцүүлэл?

-Миний хувьд улс төрийн албан тушаалд ажиллаж байна. Гэхдээ төрийн албаны олон сайхан залуустай хамтран ажилладаг. Залуус төрд ажиллая гэсэн сэтгэл байна. Гэхдээ цалин хангамж багатайгаас шалтгаалан хувиараа ажил хийх, эсвэл гадагшаа ажиллахаар явж байгаа нь ажиглагддаг. Тиймээс чадалтай залуусаа төрд байлгахын тулд ажиллах орчныг нь сайжруулж, цалин хангамжийг нэмэгдүүлэх нь зөв юм гэж боддог.

Бидний хувьд өнгөрсөн хугацаанд төрийн 11 байгууллагыг шинэ байртай болгосон. Цагдаа, Халамж, Татвар, Стандарт гэх мэт. Тиймээс эдгээр байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчид маань дулаан, тохилог орчинд ажиллах боломжтой болсноор ажлын бүтээмж нь дээшилнэ. Түүнийгээ дагаад үйлчлүүлж байгаа иргэд маань ч сэтгэл хангалуун байгаа боловуу гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. 

 

Холбоотой мэдээ