Зээлийн эргэн төлөлтийг иргэд хянана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-09 13:26:09
oyuka_hu@yahoo.com

Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд Иргэний төлөөлөл хяналт тавина. Энэ нь “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих” 134 дүгээр тогтоолд өөрчлөлт орсонтой холбоотой юм. Зээлийн эргэн төлөлтөд иргэд хяналт тавьсанаар чанаргүй зээл багасана гэж тооцжээ.

Иймд иргэний хяналтын зөвлөлд санхүү эдийн засгийн мэдлэгтэй, тухайн баг, нутаг дэвсгэрээ сайн мэддэг, мөн  багийн Иргэний нийтийн хурлаас сонгогдсон иргэн ажиллах ёстой ажээ. Одоогийн байдлаар иргэдийн төлөөллийг сонгоогүй байна.

Уг сан иргэдийн санал, санаачилгыг дэмжиж, жижиг, дунд үйлдвэрлэлийг эдийн засгийн чадавхитай болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой хэрэгждэг юм. Ингэхдээ жилийн 2.8 хувийн хүүтэйгээр гурван жил хүртэл иргэнд 10, аж ахуйн нэгжид 15 сая төгрөгийн зээл олгодог ажээ. Өнгөрсөн онд л гэхэд 41 иргэн, аж ахуйн нэгж 351 сая төгрөгийн зээл авчээ. Харин он гарсаар долоон иргэн 75 сая төгрөгийн зээл авсан байна. 

                                                                                       Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ