Ж.Флойдын амь насыг санаатайгаар бүрэлгэсэн гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-06-01 14:11:52

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Миннесато муж улсын Миннеаполис хотын цагдаагийн газрын ажилтан асан Дерек Шовиныг Африк-Америк гаралтай Жорж Флойдын амь насыг санаатайгаар бүрэлгэсэн гэж үзэж байна гэж хохирогчийн гэр бүлийн өмгөөлөгч Бенжамин Крамп мэдэгджээ.


Ж.Флойд цагдаа нарт баривчлагдсаны дараа нас барснаас хойш АНУ даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа юм. Миннеаполис хотын Хеннепин тойргийн шүүх Д.Шовиныг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон хэмээн буруутгаж байгаа бол Б.Крамп өөр байр суурьтай байгаагаа “CBS” сувагт мэдээлсэн байна.  


“Бид Д.Шовиныг санаатайгаар хүний амь насыг бүрэлгэсэн гэж үзэж байгаа. Уг цагдаа Ж.Флойдыг өршөөл гуйж, амьсгалж чадахгүй байгаагаа хэлж буйг нь үл харгалзан хүзүүн дээр нь ес орчим минут өвдөглөсөн” гэж Ж.Флойдын гэр бүлийн өмгөөлөгч ярьжээ. Мөн түүний мэдээлснээр, Ж.Флойд, Д.Шовин нар бие биеэ таньдаг байсан байж магадгүй аж. Д.Шовины хэргийг шүүх хурал орон нутгийн цагаар даваа гаргийн орой болно. 


AP” агентлагийн мэдээлснээр, АНУ-д эмх замбараагүй байдлыг зохицуулахын тулд 40 орчим хотод шөнийн цагаар хөл хорио тогтоож, 15 муж улс, Вашингтон хотод Үндэсний гвардын цэргүүдийг байршуулжээ. Мөн цагдаагийн ажилтнууд 22 хотод 1669 хүнийг баривчилсан байна. 

Холбоотой мэдээ