Япон цар тахлын үед эдийн засгаа дэмжихэд нэмж төсөв батална

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-05-25 10:53:54

ТОКИО. /Nikkei/. Японы Засгийн газар дөрөвдүгээр сард эхэлсэн санхүүгийн жилийн хоёр дахь нэмэлт төсвийг 100 их наяд орчим иенийн /929 тэрбум ам.доллар/ хэмжээтэйгээр батлахаар төлөвлөж байна.


“Nikkei” сонинд мэдээлж буйгаар, төсвийн талаас илүү хувийг нь коронавирусний цар тахлын улмаас ихээхэн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан бизнес эрхлэгчдэд зээл олгох шинэ хөтөлбөрт зарцуулна. Мөн онцгой байдлын үед үйл ажиллагаагаа түр зогсоохоос аргагүйд хүрсэн хувийн хэвшлийн компаниудын түрээс, ажилчдын цалинг суулгажээ. Үүнээс гадна, эхний ээлжинд бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг эмнэлгийн байгууллагуудыг дэмжих, сургалтын төлбөрийг бууруулахаар шийдвэрлэсэн их, дээд сургуулиудад санхүүгийн тусламж үзүүлэхэд зориулна.


Японы эрх баригчид коронавирусний цар тахлын үед эдийн засгаа дэмжих зорилгоор дөрөвдүгээр сарын сүүлээр төсөвт өөрчлөлт оруулж, 25.6 их наяд иенийн /237 тэрбум ам.доллар/ нэмэлт төсөв баталсан юм. Энэхүү мөнгийг Японы иргэн бүрт 100 мянган иенийн /930 ам.доллар/ тэтгэмжид олгоход зарцуулна. 


Хамгийн сүүлийн мэдээллээр, Японд халдвар авсан хүний тоо 17300 давж, 850 гаруй хүн нас барсан бол 13800 гаруй хүн эдгэрчээ.


Холбоотой мэдээ