Бразилд халдварын 20 мянга орчим шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-05-21 09:57:10

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилд коронавирусний халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 19951-ээр нэмэгдэж 291579 болсон тухай тус улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны статистик мэдээнд дурджээ.


Бразилд хоёр дахь өдрөө дараалан өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрч байгаа юм. Нэг өдрийн өмнө 17408 шинэ тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 889 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 18860 болсон бол халдвар тархсанаас хойш 116683 өвчтөн эдгэрсэн байна.


Халдварын тархалтын гол төв нь Сан Паулу муж болон тус мужийн нийслэл болоод байгаа юм. Энэ бүс нутагт 70 мянга орчим хүн халдвар авч, 5300 гаруй хүн нас баржээ. Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт зүүн хойд нутгийн Сеара муж /30560/, гуравдугаарт Рио-де-Жанейро /30372/ орж байна. Эдгээр мужид тус тус 1900 болон 3237 хүн цар тахалд өртөж нас баржээ.   


Түүнчлэн зүүн хойд нутагт орших Пернамбуку /22500 орчим хүн халдвар авч, 1 834 хүн нас барсан/, Мараньян /151000 орчим, 634/ мужуудад, мөн хойд нутгийн Амазонас /2370 гаруй, 1 561/ болон Пара мужид /16300 орчим, 1 519/ цар тахлын байдал хүндэрч байна. 


Бразил улс нь коронавирусээр халдварласан болон нас барсан тохиолдлын тоогоор Латин Америкийн орнуудын дунд нэгдүгээрт орж байгаа юм. Тус улсад халдварын анхны тохиолдол жил бүр болдог уламжлалт багт  наадам дууссаны дараагийн өдөр буюу хоёрдугаар сарын 24-нд бүртгэгджээ. Гэсэн хэдий ч халдвар үүнээс бүр өмнө орж ирсэн байх магадлалтай байгаа юм. Бүр нэгдүгээр сард коронавирусний халдвартай төстэй шинж тэмдэг илэрсэн 39 хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэж Бразилын Эрүүл мэндийн яам тавдугаар сарын 12-нд мэдээлсэн байна. Хожим нь Сеара мужийн эрх баригчид тус мужид коронавирусний халдвар авсан анхны өвчтөн нэгдүгээр сарын 1-нд эмнэлгийн тусламж хүссэнийг олж тогтоожээ.


Бразилын Эрүүл мэндийн сайд хоёр ч удаа солигдсон нь тус улсад цар тахлын байдалд улам хүндрэхэд нөлөөлсөн байна. Тодруулбал, цар тахалтай тэмцэх стратегийн талаар Ерөнхийлөгч Жаир Болсонарутай санал зөрөлдсөний улмаас дөрөвдүгээр сарын 16-нд Луис Энрике Мандетт албан тушаалаасаа огцорсон бол тавдугаар сарын 15-нд түүнийг залгамжлагч Нелсон Тейкс огцорчээ. Тэрбээр мөн өвчний эрт үед гидроксихлорохин эм өгөх талаар төрийн тэргүүнтэй санал зөрөлдсөн байна. Бразилд цар тахлын байдал долдугаар сар гэхэд тогтворжиж, наймдугаар сараас халдварын тархалт аажмаар хумигдаж, есдүгээр сард буурна гэж тус улсын Эрүүл мэндийн яам өмнө нь урьдчилан таамаглаж байжээ.


Холбоотой мэдээ