Сан-Паулу хотын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-05-18 14:06:26

БРАЗИЛИА. /BBC/. Бразилын хамгийн том хот болох Сан-Паулуд коронавирусний халдвар авсан хүнд өвчтөнүүдийг тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасаг ачааллаа дийлэхгүй байдалд орж болзошгүй байна гэж тус хотын захирагч Бруно Ковас мэдэгджээ.


Б.Ковасын мэдээлснээр, эмнэлгүүдийн орны 90 хувь нь дүүрсэн бөгөөд цаашид хоёр долоо хоногийн дотор өвчтөн хүлээж авах боломжгүй болж болзошгүй ажээ. Сан-Паулу нь Бразилдаа халдвар хамгийн их тархсан хотуудын нэг бөгөөд сүүлийн мэдээллээр 3000 орчим хүн нас барсан байна.


Бразилд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 7938 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 241 мянга давлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Энэ нь АНУ, ОХУ, Их Британийн араас бичигдэх өндөр үзүүлэлт юм. Мөн Бразилд халдварын улмаас нас барсан хүний тоо 485-аар нэмэгдэж, 16118 болжээ.


Бразил дахь эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, коронавирусний оношлуур дутагдалтай байгаа тул халдварын бодит үзүүлэлтүүд албан ёсны тооноос өндөр байж болзошгүй ажээ.


Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн хувьд улс орондоо даамжирч буй коронавирусний хямралын эсрэг авч буй арга хэмжээнүүдийнхээ улмаас дотоод, гадаадын шүүмжлэлд өртөж байгаа юм. Тэрбээр ням гарагт зайнаас харилцах дүрмийг зөрчиж, нийслэл Бразилиа хотод дэмжигчид, хүүхдүүдийн хамтаар гэрэл зураг авхуулсан байна. 

Холбоотой мэдээ