Хятадын ДНБ энэ жил 7 хувийн өсөлттэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-09-24 15:40:30

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ энэ жил 7 хувиар өсөх бөгөөд энэ нь 2014 оныхоос 0.3 хувиар буурсан үзүүлэлт болох тухай тус улсын банкны тайланд дурдаж байна. Уг тайланг өнөөдөр нийтэлжээ.

“Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан болон дэлхийн зах зээл дээр байдал тодорхойгүй байгаагаас шалтгаалан тус улсын аж үйлдвэрийн салбарын өсөлт оны эцсийн байдлаар саарна” гэж уг баримт бичигт дурдаж байна.

Хятадын банкны шинжээчдийн онцлон тэмдэглэж буйгаар, хэдийгээр тус улсын Ардын банк зээлийн хүүг бууруулах болон байвал зохих нөөцийн хэмжээг багасгах замаар мөнгөний бодлогоо зөөлрүүлж байгаа боловч хэд хэдэн компани дунд болон урт хугацааны зээл авахад урьдын адил хүндрэл бэрхшээлтэй тулгарсан хэвээр байна.

“Зээл олгоход хөрөнгө мөнгө дутагдаж байгаа, мөн Хятадын Засгийн газар байгаль орчныг хамгаалахад тавьж буй шаардлагаа чангатгаж байгаа нь тус улсын аж үйлдвэрийн уламжлалт салбарт техникийн шинэчлэл хийх үйл явцыг удаашруулж байна” гэж тайланд дурджээ.

Харин тус улсын инфляцийн түвшний гол үзүүлэлт болох хэрэглээний үнийн индексийн өсөлтийн хурдац 1.6 хувь байх бөгөөд энэ нь 2014 оныхоос 0.4 хувиар буурсан үзүүлэлт аж.

Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац аажмаар удааширсаар байгаа юм. 2010 онд энэ үзүүлэлт 10.4 хувь, 2011 онд 9.2 хувь, 2012 онд 7.8 хувьтай байв. 2013 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац 7.7 хувь хүртэл удааширсан бол өнгөрсөн онд 7.3 хувьтай байжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд