Хятадын интернет хэрэглэгчдийн тоо 900 сая давжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-28 12:49:13

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын интернет хэрэглэгчдийн тоо өмнөх оны 6 дугаар сараас хойш 5.3 хувиар өсөж, түүхэндээ анх удаа 900 сая давсан тухай тус улсын сүлжээний мэдээллийн төв /CNNIC/ мэдээлжээ.


Түүнчлэн БНХАУ-д интернет худалдан авалт хурдацтай хөгжсөөр байна. Тодруулбал, бараа бүтээгдэхүүнээ цахимаар худалдан авч буй хүмүүсийн тоо өнгөрсөн оноос хойш 16.4 хувиар нэмэгдэж, 710 саяд хүрч нэмэгджээ.


“Манай хэрэглээний зах зээл асар том бөгөөд цахим худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй олон тооны үйлдвэр, технологиуд мөн байдаг. Коронавирусний цар тахал дэгдэж дуусах үед энэ салбарын хөгжилд эргэлт болохуйц түүхэн ач холбогдолтой шинэ боломжууд бий болсон” гэж Хятадын Коммунист намын Төв хорооны дэргэдэх Намын төв сургуулийн профессор Ван Юйкай мэдэгджээ.


Үүнээс гадна БНХАУ-д интернетээр суралцагсдын тоо 2018 оны эцсээс хойш 110.2 хувиар нэмэгдэж, 423 саяд хүрсэн байна. Түүнчлэн засгийн газрын цахим хуудасны үйлчилгээг ашигладаг иргэдийн тоо 76.3 хувиар нэмэгдэж, 694 саяд хүрчээ. 

Холбоотой мэдээ