Арслангууд зам дээр дугхийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-04-17 14:22:31

ПРЕТОРИА. /BBC/. Өмнөд Африкийн “Крюгер” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арслангууд ердийн үед жуулчдын хөл хөдөлгөөн тасардаггүй зам дээр дугхийж байгааг уг цэцэрлэгт хүрээлэнгийн эргүүл Ричард Соури олж харжээ.


Р.Соури лхагва гарагт эргүүл хийж явах үедээ тэднийг харж, гар утсаараа зургийг нь авсан байна. Арслангуудын зам дээр явж байгааг зөвхөн эргүүлүүд ихэвчлэн шөнийн цагаар хардаг байсан ажээ.


Өмнөд Африкт хөл хорио тогтоосонтой холбоотойгоор “Крюгер” хүрээлэн өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд хаагджээ. Хүмүүсийн хөл хөдөлгөөн тасарсан энэ үед арслангууд мөн гольфын талбай дээгүүр явж харагдсан байна.


Өмнөд Африкт коронавирусний халдварын 2506 тохиолдол бүртгэгдэж, 34 хүн нас барсан нь Африкийн орнуудаас хамгийн өндөр үзүүлэлт юм. Тус улсын эрх баригчид хөл хориог дахин хоёр долоо хоногоор сунгах шийдвэрийг лхагва гарагт гаргажээ. 

Холбоотой мэдээ