Нийслэлийн 1050 байгууллага руу албан бичиг цахимаар илгээх боломжтой болов

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-03-31 09:55:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгжүүд тоон гарын үсгээр баталгаажсан албан бичгийг НЗДТГ болон түүний харьяа 1050 байгууллагатай цахимаар солилцох боломжтой болжээ.


Тодруулбал, Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй "Дижитал Монгол" хөтөлбөрийн хүрээнд цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх, тоон гарын үсгийн хэрэглээг дэмжих зорилгоор НЗДТГ-аас “Смарт оффис” системийг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Ингэснээр НЗДТГ болон нийслэлийн албан бичгийн харилцаа 100 хувь цахим хэлбэрт шилжиж байгаа бөгөөд дээрх системийг ашиглах хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо ч албан бичиг солилцох боломжтой аж.


“Смарт оффис” системийг ашиглахын тулд аж ахуйн нэгжүүд Тоон гарын үсгийн гэрчилгээ олгогч байгууллагаас гэрчилгээ авсан байх шаардлагатай бөгөөд https://smartoffice.mn эсвэл нийслэлийн http://ulaanbaatar.mn/ цахим хуудасны “Албан бичиг” хэсэгт бүртгүүлэх ёстой. Системийг ашиглахад нэг аж ахуйн нэгж албан бичгийн нэг эрх эзэмших, албан бичиг зөвхөн pdf өргөтгөлтэй байх, дамжуулах файл дээрээ зөвхөн нэг л тоон гарын үсэг зурж баталгаажуулсан байх, зар сурталчилгаа явуулахыг хориглох  журамтай юм.


Ташрамд дурдахад, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа нутгийн захиргааны байгууллагууд нь 2016 оноос эхлэн Албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системийг нэвтрүүлсэн. Түүнээс хойш 800 мянга орчим албан бичиг цахимаар солилцжээ. Албан бичгийг нэг байгууллагаас нөгөө байгууллага руу цаасаар буюу шуудангаар илгээхэд хүргэх хугацаа 1-3 хоног, зардал 1500 төгрөг байсан. Цахим хэлбэрээр албан бичгийн илгээснээр бичиг хэргийн болон шуудангийн зардлыг 40 хувиар бууруулжээ. Мөн цахим системийг ашигласнаар бичиг баримтыг архивын байгууллагад хадгалах ажлыг хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэх, замын түгжрэл болон бусад эрсдэл, зардлыг бууруулах ач холбогдолтой болсон юм.

Холбоотой мэдээ