Эрүүл мэндийн салбарын найман мэргэшилтэн зөвлөх зэргийн гэрчилгээ гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-30 14:59:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарт 2019 онд төрсөн 8 зөвлөхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч  уулзан мэргэшлийн зэргийн гэрчилгээ гардууллаа.

Эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ур чадварын хөгжлийг тодорхойлох, үнэлэх, дэмжин урамшуулах зорилгоор 1969 оноос эхлэн эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн 1, 2 дугаар зэрэг,  1996 оноос  ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэг  олгож эхэлсэн байна. 


Хүүхэд судлалын чиглэлээр зөвлөх зэрэг хамгаалсан АУ-ны доктор, дэд профессор Д.Даваасүрэн хүүхдийн анагаахын салбарт 41 жил үр бүтээлтэй ажилласан байна.  2008 оноос эхлэн Хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа “Хепатит В, Дельта вируст халдварын оношилгоо, эмчилгээний заавар”, ХӨЦМ-ийн гарын авлага боловсруулжээ. 
Хүүхэд судлалын чиглэлээр зөвлөх зэрэг хамгаалсан АУ-ны доктор, клиникийн профессор Д.Агиймаа хүүхдийн анагаахын салбарт 25 жил ажилласан.  Хүүхдийн бөөрний нефроз хам шинжийн тусламж үйлчилгээний заавар, Хүүхдийн бөөрний түүдгэнцрийн түргэн даамжрах үрэвслийн тусламж үйлчилгээний эмнэл зүйн заавар, Хүүхдийн бөөрний цочмог үрэвслийн тусламж үйлчилгээний эмнэл зүйн заавар боловсруулсан эмнэл зүйн чиглэлээрх 6 судалгаа удирдсан байна.

Мэс заслын чиглэлээр зөвлөх зэрэг хамгаалсан АУ-ны доктор Д.Энхболд Мэдрэлийн мэс заслын чиглэлээр Улсын Гуравдугаар төв эмнэлэгт 24 жил ажилласан. Тархины судасны эмгэг, тархины хавдар, тархины дурангийн мэс засал, нурууны мэс заслын чиглэлээр ОХУ, Австри Улс, БНСУ, Испани Улсад мэргэжил дээшлүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр зөвлөх зэрэг хамгаалсан АУ-ны доктор Ц.Үржиндэлгэр ЭХЭМҮТ-д  23 дах жилдээ тасралтгүй ажиллан “Манас таталтын урьдлын эрт илрүүлэгт биохими, биофизикийн маркеруудын оношилгооны ач холбогдлыг үнэлсэн нь”  сэдвээр АУ-ны докторын зэрэг хамгаалсан байна. “Ураг- ихэс-умайн тогтолцооны Допплер шинжилгээ”, “Жирэмсний эхний 3 сарын нийлмэл илрүүлэг”, “Манас таталтын урьдлын илрүүлэгт биомаркерууд ашиглах” чиглэлээр зохиогчдын эрхийн гэрчилгээ авчээ.

Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр зөвлөх зэрэг хамгаалсан АУ-ны доктор Р.Уранчимэг Нийслэлийн Өргөө амаржих газарт 21 дэх жилдээ ажиллан “Умайн лейомиомийн артерийг бөглөх эмчилгээний үр дүнг судалсан нь” сэдвээр АУ-ны докторын зэрэг хамгаалсан байна.
Нүд судлалын чиглээр зөвлөх зэрэг хамгаалсан АУ-ны доктор Ч.Цэнгэлмаа ЭХЭМҮТ-д 17 дахь жилдээ Нүдний мэс заслын чиглэлээр ажиллаж байна. 2017 онд Монгол Улсад “OCULIGHT SLx DIODE LASER” эмчилгээг хүүхдийн нүдний торлог бүрхүүлийн эмгэг болох Дутуу нярайн торлогийн эмгэг, Ретинобластом хорт хавдар, Коатсын эмгэг ба глаукомын эмчилгээнд нэвтрүүлсэн байна.
Сэтгэц судлалын чиглэлээр зөвлөх зэрэг хамгаалсан АУ-ны доктор Т.Ганцэцэг салбартаа 21 жил тасралтгүй ажиллан Сэтгэл засалч, эмгэг сэтгэл судлаач, донтолт судлаачийн чиглэлээр мэргэшсэн байна. “Никотин орлуулах (наалт,  бохь, үрлийг) эмийн эмчилгээ”-г сэтгэл засал эмчилгээтэй хослуулан Монгол Улсад  анх  удаа хэрэглэж үр дүнг нь тооцсон байна.

Сувилахуйн чиглэлээр зөвлөх зэрэг хамгаалсан Сувилахуйн ухааны доктор Г.Хулан салбартаа 30 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна. Ахмад настны сувилахуй, сувилахуйн боловсрол, сувилахуйн удирдлага манлайллын чиглэлээр мэргэшсэн байна.
 

 

Холбоотой мэдээ