Алтанбулагийн хилийн боомтыг маргааш хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-27 22:36:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр манай улсын хойд бүсийн Алтанбулагийн хилийн боомтыг маргааш өглөөний 06.00 цагт хаахыг ОБЕГ анхааруулж байна. Энэ хүртэл ОХУ-ын талаас ирж буй Монгол Улсын иргэд уг боомтоор чөлөөтэй нэвтрэх юм. 

Харин боомт хаагдсан үед манай улс иргэдээ төмөр зам болон автобусаар авах ажлыг зохион байгуулна гэж ОБЕГ-аас мэдэгдэж байна. Авто замын “Алтанбулаг-Хиагт”, төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтэрсэн иргэдийг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 14 хоног тусгаарлан ажиглаж байгаа.




3 дугаар сарын 26-ны байдлаар, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-аас ирсэн 34 иргэнийг тусгаарлаад байна. Сэлэнгэ аймагт 191 иргэн ажиглалтад байгаа бол Дархан-Уул аймагт Алтанбулагийн боомтоор нэвтэрч ирсэн 185 иргэнийг тусгаарлаад байна. 3 дугаар сарын 27-нд Алтанбулаг боомтоор нийт 34 тээврийн хэрэгсэл болон явганаар 253 зорчигч хил нэвтрэв.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 4 автомашинтайгаар тусгаарлах байрны хамгаалалтад 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. УОК-оос баталсны дагуу тусгаарлах байранд байгаа иргэдэд 14 хоногт нэг удаа эргэлт оруулж байгаа юм. Ингэхдээ халдвар хамгааллын дүрэм журмыг нарийн мөрдөж байна гэж Дархан-Уул аймгийн шуурхай штабаас мэдээллээ.


Холбоотой мэдээ